ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ @externalfactor Channel on Telegram

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

@externalfactor


Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ (Mongolian)

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ нэртэй энэ суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. externalfactor нэртэй энэ суваг нь манай улсын хэрэгтэй мэдээллүүдийг таны гар утсанд олгоно. Хэрэв та мэдээллийг ухаалаг үнэтэй байгаа бол гадаад хэвлэл мэдээллийг мэдэхийг хүссэн бол, энэ суваг нь таныг хангаж байна. Та сувагт байгаа бүх мэдээ мэдээллийг сонгон авах боломжтой. Туйл манай сувагт байгаа болон нэмэгдсэн бүх чанарын мэдээ мэдээлэл танд хүргэх болно. externalfactor нэртэй сувагт бидэнтэй цуглуулж, таны мэдээ мэдээллүүдээ ашиглахыг урьдчилан та бүртгүүлж чадна уу?

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

11 Jan, 01:32


Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уулзахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Трамп Флорида мужийн Палм Бич дэх Мар-а-Лаго амралтын газартаа Бүгд найрамдах намын захирагчидтай уулзах үеэрээ "Тэр уулзахыг хүсч байна. Бид үүнийг хэлэлцэж байна" гэжээ.
Трамп 2022 оны хоёрдугаар сараас хойш анх удаа Путинтэй уулзах тухай мэдэгдэж буй. Гэсэн хэдий ч шинээр ирэх ерөнхийлөгч гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээр хийх тухай "Би нэг өдрийн дотор дайныг зогсооно" гэдгээс өөр тайлбар, төлөвлөгөө танилцуулаагүй байдаг. Түүний хувьд ерөнхийлөгч Жо Байдены Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилж, АНУ ирээдүйд "NATO"-тэй холбоотой байхад эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Вашингтоны хувьд 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 65 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлж, хамгийн том дэмжигч байв. Трамп мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг байнга шоолж, түүнийг "худалдагч" гэж тодорхойлсон бөгөөд түүний тухай байнга ярьдаг.
ЭХ СУРВАЛЖ: THEMOSCOWTIMES.ru

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

09 Jan, 13:11


Калифорни мужид 5 том хээрийн түймэр гарч байна
Лос-Анжелес мужид 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаалын дагуу онцгой байдлын алба шуурхайлан ажиллаж байна. Мөн муж даяар салхины нөлөөгөөр таван хээрийн түймэр дүрэлзэж байна. Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын мэдээлснээр, уг таван түймрийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энд оруулав.
Палисадын түймэр нь яг одоо тус мужид гарч буй хамгийн том түймэр бөгөөд 15,832 акр талбайг шатааж байна гэж галын албаныхан мэдэгдэв. Түймрийн дийлэнх хэсэг нь Санта Моника, Малибу хоёрын хооронд орших Номхон далайн Палисадад гарч буй. Лос Анжелес дүүргийн гал түймрийн албаны дарга Энтони Марронегийн хэлснээр, энэ нь дор хаяж 1000 барилга байгууламжийг сүйтгэсэн.
Cal Fire-ийн мэдээлснээр, Итон түймэр 10,600 акр талбайг шатаажээ. Пасадена хотын дарга Виктор Гордо хэлэхдээ, Итон түймрийн улмаас таван хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Энэхүү галын улмаас 200-500 орчим барилга байгууламж эвдэрч, алдагдсан гэж Гал түймрийн албаны дарга Чад Августин мэдэгдсэн юм.
Вүдлийн түймэр Лхагва гаригт эхэлсэн бөгөөд дор хаяж 30 акр талбай шатаж, ямар ч хамгаалалтгүй байна. Харин Мягмар гаригийн шөнө гарсан Херст гал 505 акр гаруй талбайг шатаасан бөгөөд одоог хүртэл дарагдаж чадаагүй.
Лидия түймэр Лхагва гаригийн үдээс хойш эхэлсэн бөгөөд хурдан хугацаанд 80 акр газрыг хамарчээ. Номхон далайн Палисадаас 50 милийн зайд орших Актон хэмээх жижиг суурингийн ойролцоо 30 хувийг нь унтраасан ч ойн мод шатсан хэвээр байна. Пасаденагийн гал түймрийн дарга Чад Аугустин хэлэхдээ, гал унтраах ангийн 15 баг Итон галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд өнөө орой Аризонагаас илүү олон хүн ирж туслалцаа үзүүлнэ. Тэд ирэх 24 цагийн дотор 50 орчим хувийг нь унтрааж чадна гэж найдаж буй.
Лос-Анжелес муж даяар дэгдэж буй гал түймрийн голомт дарагдаагүй хэвээр байгаа тул таван хүн харамсалтайгаар нас барсан. Мөн хохирогчдын тоо "өсөх магадлалтай" гэж амбан захирагч Гэвин Ньюсом “CNN”-д хэлжээ.Тус агентлагийн мэдээлснээр, 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсэн хэвээр байна. Түүнчлэн, уг гамшиг Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй түймэр гэгдэх болов. Хэдийгээр онцгой байдал, гал унтраах алба хичээж байгаа ч хүн хүч сул байгаагаас хохирол нэмэгдсээр буй.
Лос-Анжелес мужийн албаны хүмүүс оршин суугчдыг аюулт бүсээс хол байхыг гуйж байна. Албанаас гаргасан мэдэгдэлд “Гуйя, гуйя, гуйя! Хэрэв та энэ газарт байх шаардлагагүй бол эндээс яв! Одоог хүртэл түймэр идэвхтэй байгаа тул өндөрлөг газарт очоорой. Галын бүсд амьдардаг хүмүүс ой хээрийн бүсд бүү оч. Бидний аврах нисдэг тэрэг та нарыг харахуйц өндөрлөг, задгай талбайд очоорой. Мөн галын бүсд амьдардаггүй байж зүгээр үзэх гэсэн хүн их байна. Тийм аюултай зүйл битгий хийгээрэй" гэв.
Эх сурвалж:CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

08 Jan, 23:11


Хятад улс цагаан сараас өмнө "HMPV"-ийн талаар анхааруулав
Өмнөд Солонгосын засгийн газар болон эрх баригч Ардын хүчний нам нэгдүгээр сарын 27-ны өдрийг түр амралтын өдөр болгох шийдвэрийг Лхагва гаригт гаргажээ. Дорнын зарим орнуудад цагаан сарын баяр нь нэгдүгээр сарын 28-30-ны хооронд болохоор төлөвлөгдөж буй. Улмаар 25-наас 30-ны хооронд тус улсын иргэд зургаан хоног амрах боломжтой. Мөн 31-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөө авсан тохиолдолд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл амрах талаар "The Korea Times" мэдээллээ.
Энэхүү шийдвэр нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх засгийн газрын хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Харин Хятадын хувьд цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 28-наас хоёрдугаар сарын 4-ныг хүртэл амрах төлөвтэй байна. Улмаар тус улсад дотоодын шилжих хөдөлгөөн эрчимждэг тул засгийн газраас "HMPV" вирусээс болгоомжлохыг уриалжээ. Хүний метапневмовирусын (HMPV) өвчлөл нэмэгдэж байгаа нь "COVID-19" тахлын гарз хохирол арилаагүй байхад дахин эрүүл мэндийн хямрал гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Тус улсын эрүүл мэндийг яамны мэдэгдсэнээр, "HMPV", томуу А, "Mycoplasma pneumoniae", тэр байтугай "COVID-19" зэрэг олон вирус зонхилж буйг анхааруулсан юм.
"HMPV" нь томуу төст шинж тэмдэг үүсгэдэг бөгөөд амьсгалын замын хүнд өвчин, ялангуяа хүүхэд болон дархлаа сул, суурь өвчинтэй хүмүүст тохиолдож байна.
ЭХ СУРВАЛЖ: THEKOREATIMES.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

07 Jan, 22:38


Герман Элон Маскыг сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэв
Германы засгийн газар АНУ-ын тэрбумтан Элон Маскийг ирэх хоёрдугаар сард болох олон нийтийн сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна гэж буруутгав. Мөн түүнийг хэн нэгэн нам, эвсэлд зориулаагүй гэж тодотгосон ч хэт барууны Германы альтернатив (AfD) намыг илт дэмжсэн утга бүхий нийтлэл гаргаж байна гэж онцлон тэмдэглэв.
Тодруулбал, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаанд томилогдсон Элон Маск "Welt am Sonntag" сонинд ярилцлага өгөхдөө Германы альтернатив (AfD) нам нь Германы эцсийн итгэл найдвар гэж хэлсэн бөгөөд бусад шүүмжлэгчид ажлаа хүлээлгэн өгсөн дээр гэжээ.
Улмаар тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Х" хуудаснаа, "Үүгээр Элон Маск ирэх хоёрдугаар сард болох олон нийтийн сонгуульд нөлөөлөх гэж оролдож буй нь батлагдаж байна" гэв. Түүнчлэн, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ танигдсан Маскийн талаар бичихдээ, "Эцэст нь үгээ хэлэх эрх чөлөө нь хамгийн утгагүй зүйлсийг хамруулахыг хэлдэг" гэж шүүмжилжээ.
Маскийн хувьд жинтэй хөрөнгө оруулалтынхаа ачаар Германы улс төрд оролцох эрхээ эдэлж буй. Тэрбээр олон улсын болон дотоодын зохицуулалт, татвар, зах зээлийн бодлого дээр "AfD"-ын хандлагыг сайшаадаг юм.
Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн эвслийн засгийн газар задран унасны дараа хоёрдугаар сарын 23-нд болох сонгуульд германчууд бэлтгэж байх энэ үед Маскийн ярилцлага нийтлэгдсэн нь улс төрийн маргаан дагуулаад байна. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 20-нд зул сарын худалдааны үеэр нэгэн машин олон нийтийн дайрч, таван хүний аминд хүрсэн бөгөөд уг хэрэгт Маск канцлер Шольцыг буруутгаж, огцрохыг уриалсан байдаг.  Одоогийн байдлаар, хэт барууны үзэлт Германы альтернатив (AfD) нам урьдчилсан санал хураалтаар хоёрдугаар байрт жагсаж байна.
Уг дүнг харахад тус нам парламентын баруун төв болон зүүн төвийн олонхыг давамгайлах бололтой.
Гэсэн хэдий ч Германы гол намууд хэрэв "AfD" олонх болох юм бол хамтран ажиллахгүй гэдгээ амласан юм. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мөн адил тус намыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Маскийн "AfD"-ыг дэмжсэн нь "барууны хэт даврагч, тагнуулын байгууллагын хяналтад байдаг намд олон нийтийг санал өгөхийг уриалж байна" гэж буруутгаж буй.
Дашрамд дурдахад, Германы улс төрчид Маскийг буруутгахаас гадна, "AfD"-тай хамтран ажиллаж байсан Социал Демократ намын (SPD) канцлер Шольцыг ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй зүйрлэх болжээ. Ларс Клингбейл Даваа гаригт "Funke" мэдээллийн агентлаг хэлэхдээ, "Тэд манай сонгуульд нөлөөлж,  AfD-ын ардчиллын дайснуудыг дэмжихийг хүсч байна. Тэд Германыг сулруулж, эмх замбараагүй байдалд оруулахыг хүсч байна” гэсэн байна. Сөрөг хүчний Христийн ардчилсан намын удирдагч, одоогийн канцлерын албан тушаалд Шольцыг залгамжлах хамгийн боломжтой Фридрих Мерц хэлэхдээ, " Маскийн хэлсэн үгс нь хэтэрхий дүр эсгэсэн мэт санагдаж байна" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

07 Jan, 01:12


АНУ 8 тэрбум долларын зэвсэг Израиль руу илгээнэ
АНУ пуужин, сум болон бусад зэвсэг бүхий найман тэрбум ам.долларын зэвсгийг Израильд худалдах тухай Конгресст мэдэгдэв. Энэхүү борлуулалтыг хийхдээ Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хороодоос зөвшөөрөл авах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Газын зурваст энгийн иргэдийн амь насанд аюул заналхийлэхэд АНУ дэмжлэг үзүүлж байна гэх шүүмжлэлийг үл харгалзан, уг худалдааг үргэлжлүүлэх болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын зүгээс агаарын пуужин, "Hellfire" пуужин, их бууны сум, сөнөөгч онгоц, цэргийн техник болон тэсрэх бөмбөгийг Израильд 20 тэрбум ам.доллараар худалдаалсан байдаг. Улмаар энэ сарын 20-нд ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусах Жо Байден сүүлийн удаа өөрийнхөө зүгээс Израильд зэвсэг нийлүүлэх болжээ. АНУ нь Израилийн хамгийн том зэвсгийн нийлүүлэгч байсан. Тухайлбал, 2019-2023 оны хооронд Израилийн ердийн зэвсгийн импортын 69 хувийг АНУ нийлүүлсэн байдаг.
АНУ 2024 оны тавдугаар сард Израилийн Газад явуулж буй цэргийн ажиллагааг буруутгасны улмаас зарим тэсрэх бөмбөгний борлуулалтыг түр зогсоосон. Гэсэн хэдий ч улс төрийн эсэргүүцлээс болж түр зогсоох алхмаа цуцалсан юм. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп мөн Израилийн хүчтэй дэмжигч байсан ч Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа хурдан дуусгахыг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: LEADERSHIP.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

06 Jan, 00:52


Норвегийн бүх автомашин 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй болно
Норвеги улсад 2024 онд зарагдсан 10 шинэ автомашин тутмын 9 нь зөвхөн батарейгаар хөдөлдөг байжээ. Энэ нь 2025 он гэхэд бүх автомашин цахилгаан хөдөлгүүртэй байна гэх тус улсын зорилтод хүрснийг илтгэж байна. Норвегийн Авто замын холбооны (OFV) мэдээлснээр, 2023 онд шинээр борлуулсан автомашины 82.4 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан бол энэ тоо 2024 онд 88.9 хувь болж нэмэгдсэн байна. Шилдэг борлуулалттай брэндүүд нь "Tesla", "Volkswagen" байсан бөгөөд Хятадын цахилгаан хөдөлгүүртэй автомашин борлуулалтын 10 хувийг нь эзэлсэн аж.
"EV" холбооны тэргүүн Кристина Бу хэлэхдээ, "Норвеги бол бензин болон дизель хөдөлгүүртэй автомашиныг зах зээлээс бараг л устгасан дэлхийн анхны улс болно" гэсэн байна.Нефть үйлдвэрлэдэг Норвеги улс бензин болон дизель түлшээр ажилладаг автомашинд өндөр татвар ногдуулж, торгодог. Түүнчлэн 2023 онд цахилгаан автомашины импортыг татвараас чөлөөлсөн байна.
Уг бодлогыг цаг хугацааны явцад үе үеийн засгийн газрууд тууштайгаар хэрэгжүүлж эхэлсэн учир үр дүнгээ өгсөн гэж шинжээчид тайлбарлаж буй.
Энэ талаар Бу хэлэхдээ, "Бусад улс оронд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хийсэн ч дараа нь өндөр дүнгээр буцаан татдагийг бид олонтоо хардаг" гэжээ. Норвегид автомашин үйлдвэрлэгчдийн лобби байдаггүй нь мөн адил энэхүү амжилтад нөлөөлсөн байна.
Тус улсын хамгийн том автомашин импортлогч "Harald A. Moeller"-ийн тэргүүн Ульф Торе Хекнеби хэлэхдээ, "Бид машин үйлдвэрлэдэг орон биш . Тиймээс өмнө нь автомашинд өндөр татвар ногдуулах нь энгийн үзэгдэл байсан. Бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглохоос илүү урамшуулал олгож байсан нь бас чухал нөлөө үзүүлсэн. Энэ нь хүмүүсийг уурлуулсан л даа. Хүмүүст юу хийхийг нь заахад дургүй байдаг занг ашигласан" гэжээ.
Европын холбоо 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг автомашины борлуулалтыг хориглохоор шийдсэн.
Гэсэн хэдий ч баригдсан нүүрсхүчлийн хий ялгаруулдаг түлшээр ажилладаг автомашины худалдааг зөвшөөрч магадгүй байна.Норвегийн хэрэгжүүлж буй бодлого нөгөө талаар авто зам дээр цахилгаан хөдөлгүүрт машин энгийн түлшээр ажилладаг автомашинаас олон болсныг илтгэж буй.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар аккумлятортай цахилгаан автомашин Нордикийн улсад унаж буй нийт автомашины 28 гаруй хувийг эзэлж байна гэж Нийтийн Замын Захиргаанаас мэдээлжээ.
Тээврийн дэд сайд Сесили Книбе Кроглунд хэлэхдээ, "Энэ бол том сургамж юм. Өргөн хүрээний багцыг (урамшууллын) нэгтгэж, урт хугацаанд урьдчилан таамаглах боломжтой болгосон" гэв.Норвегид 2024 оны эцэс гэхэд авто замууд дахь аккумлятортой цахилгаан автомашины эзлэх хувь 28.6 хувьд хүрч, цэвэр бензинээр ажилладаг автомашинуудыг гүйцэж түрүүлэв.

Гэхдээ Норвегид шинээр борлуулж буй бүх автомашин цахилгаан хөдөлгүүрт шилжсэн нь зарим нэг тал дээр асуудалтай хэвээр байна. Тодруулбал, "ICE" (дотоод шаталтат хөдөлгүүр) автомашины гол худалдан авагчид нь түрээсийн компаниуд байдаг. Учир нь жуулчид цахилгаан автомашиныг сайн мэддэггүй аж.
Гэсэн хэдий ч Норвегийн зам дээр цахилгаан автомашины эзлэх хувь нэмэгдэж байгаа нь бусад салбарууд дасан зохицох ёстой гэсэн үг юм.
Шатахуун түгээх станцуудад бензин насосыг цахилгаан цэнэглэгчээр сольж байна. Хамгийн том шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг "Circle K" компанийн ахлах менежер Андерс Клеве Свела хэлэхдээ, "Ойрын гурван жилийн дотор бид түлшний насостой адил олон тооны цэнэглэх лангуутай болно. Хоёрхон жилийн дараа Норвеги дахь бүх автомашины 50 гаруй хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байх болно .Үүний дагуу бид цэнэглэх паркаа нэмэгдүүлэх ёстой" гэжээ.
Жолооч нарын хувьд цахилгаан автомашинд шилжсэнээр өвлийн улиралд хүйтний улмаас машинаа цэнэглэхэд бага зэрэг хугацаа шаардагдана гэсэн үг. Ослогийн ойролцоох "Circle K" станцад машинаа цэнэглэж байхдаа 28 настай Дезир Андресен "Заримдаа би автомашиндаа бензин бүрэн шахаж, таван минутын дараа хөдөлдөг байснаа үгүйлдэг. Гэхдээ цахилгаан автомашинд илүү тухтай байдаг . Энэ нь байгаль орчинд илүү сайн. Учир нь дизель машинууд маш их үнэр ялгаруулдаг" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

04 Jan, 23:27


Норовирусийн халдвараас сэрэмжлүүлж байна
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) гаргасан шинэ мэдээллээс үзэхэд ходоодны нийтлэг өвчин нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн 91 норовирусийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь долоо хоногт 65-аас доош тооны тохиолдол бүртгэгддэг байснаас гэнэт нэмэгдэх болсон нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байна. Хэдийгээр дэгдэлт нь бага мэт санагдаж болох ч батлагдаагүй тохиолдол олширсон байх боломжтойг анхааруулах болжээ.
Тэгвэл уг нийтлэг өвчнийг үүсгэгч норовирус нь хэрхэн үүсч, халдварладаг болон халдвар авснаар ямар шинж тэмдэг үзүүлэх боломжтойг Жорж Вашингтоны их сургуулийн яаралтай тусламжийн эмч, клиникийн дэд профессор, доктор Лиана Вэн тайлбарлалаа.
Норовирус нь АНУ-д хоол хүнсээр дамжих өвчний тэргүүлэх шалтгаан болдог вирус юм. "CDC"-ийн мэдээлснээр, жил бүр 19 саяас 21 сая хүртэлх бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах системтэй холбогдох, ходоодны ханиад гэж хэлж заншсан өвчнийг үүсгэдэг. Улмаар 2.2 сая гаруй амбулаторийн үзлэг, 465 мянган түргэн тусламж, 109 мянган эмнэлэгт хэвтсэн өвчтөний батлагдсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Заримдаа Норвалкийн вирус эсвэл өвлийн бөөлжилт гэж нэрлэгддэг норовирус нь халдварлуулах чадвар маш өндөр. Суулгалт өвчний 90 гаруй хувь нь уг вирусээс шалтгаалдаг бөгөөд хөлөг онгоцны аяллын үеэр дэгдэх өндөр магадлалтай аж. Түүнчлэн сургууль, өдөр өнжүүлэх төв, шорон болон бусад олон нийтийн орчинд дэгддэг.
Норовирус нь халдвартай хүнтэй шууд харьцах эсвэл бохирдсон гадаргуугаар дамжин халдварладаг. Хэрэв та халдвартай хүнтэй хоол хүнс, ундаа, багаж хэрэгслийг хуваалцвал вирусийн халдвар авч болно. Мөн халдвар авсан хүний хүрсэн гадаргуу дээр хүрч, дараа нь амандаа хүрэх замаар халдвар авч болно. Нэмж дурдахад, вирус нь бөөлжис, өтгөний жижиг дуслаар дамжин гадаргуу дээр цацагдах боломжтой. Норовирусийн шинж тэмдэг нь дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс базлах зэрэг орно. Зарим тохиолдолд ядрах, бага зэрэг халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Биед ямар ч зовуурь илрэхгүй байж байгаад гэнэт дотор муухайрах байдлаар илрэх нь элбэг бөгөөд шинж тэмдгүүдээс болж тавгүйрэх, сандрах зэрэг мэдрэмж төрдөг байна. Гэхдээ нэгээс хоёр хоногийн дараа дархлааны тусламжтайгаар бүрэн эдгэрэх боломжтой. Норовирусийн гаралтай өвчин хүндрэх үед ихэвчлэн шингэн алдаж, маш их, ойрхон суулгадаг.
Норовирусийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Энэ нь вирус тул бактери руу чиглэсэн антибиотик нөлөөлдөггүй. Норовирусийн эсрэг чиглэсэн вирусийн эсрэг эм байхгүй бөгөөд урьдчилан сэргийлэх батлагдсан вакцин ч байхгүй. Ихэнх хүмүүс эмнэлгийн тусламж шаардагдахгүйгээр эдгэрдэг. Насанд хүрэгчид ус болон бусад шингэн, тухайлбал, шүүс, спортын ундаа уух ёстой. Бөөлжих, гүйлгэж буй хүүхдэд тусгайлан боловсруулсан педиалит болон бусад ижил төстэй электролитийн уусмал уулгана. Хэрэв нялх хүүхэд халдварласан тохиолдолд хөхөө сайн хөхүүлэх ёстой байдаг.
Тодорхой шинж тэмдэг хоёроос дээш хоног илэрч, шингэнээ нөхөж чадахгүй болон хүнд өвчинд өртөмтгий бол эмчид хандана. Хэрэв өтгөнд цус илэрвэл, өндөр халуурах, амьсгал давчдах болон бусад ер бусын шинж тэмдэг илэрвэл эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Учир нь норовирус бус өөр халдварт өвчин байх магадлалтай байдаг. Норовирусийн шинж тэмдэг хүндэрсэн бол эмчид хандана. Нярай болон бага насны хүүхэд, өндөр настан болон бөөр, зүрхний өвчтэй, дархлаа суларсан зэрэг ноцтой эмгэгтэй хүн эмчийн хяналтад орох шаардлагатай.
Түүнчлэн, бөөлжих, гүйлгэх, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол олон нийтийн идэж уух хоол, хүнсийг бэлдэж болохгүй. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш дор хаяж хоёр хоног хүртэл бусдын хоол, аяга таваг, багаж хэрэгсэлтэй харьцах ёсгүй. Учир нь халдвар авсан хүний хүрсэн хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, халбага зэрэг ямар ч гадаргуу дээр хүрсэн зүйлд нь хүрвэл халдвар авна.
Эх сурвалж:CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

03 Jan, 01:07


Путин AI салбарт Хятадтай хамтран ажиллахыг даалгав
Владимир Путин ОХУ-ын засгийн газар болон "Сбербанк"-ийг хиймэл оюун ухааны салбарт Хятадтай хамтран ажиллахыг даалгав. Түүний заавар Лхагва гаригт Кремлийн албан ёсны цахим хуудаснаа нийтлэгджээ. Үүнээс гурван долоо хоногийн өмнө Путин "БРИКС"-ийн түншүүд болон бусад улстай энэ чиглэлд хамтран ажиллана гэдгээ зарласан юм.
Оросын хиймэл оюун ухааны салбарт хамгийн том банк болох "Сбербанк" хүчин чармайлтаараа тэргүүлдэг.
Дайныг үргэлжлүүлэхэд шаардлагатай технологиудыг ашиглах боломжийг нь хязгаарлах зорилготой барууны хориг арга хэмжээ Оросын хиймэл оюун ухааны амбицыг эрс хязгаарласан. Хориг арга хэмжээний хүрээнд дэлхийн томоохон микрочип үйлдвэрлэгчид Орос руу экспортоо зогсоосон. Хиймэл оюун ухааны хөгжлийн үндэс болсон микрочип буюу "GPU" нь Оросын хувьд солиход хамгийн хүндрэлтэй техник хангамж болохыг "Сбербанк"-ны гүйцэтгэх захирал Герман Греф хүлээн зөвшөөрсөн юм.
21 дүгээр зууны хамгийн чухал, ирээдүйтэй чиглэлд барууны бус орнуудтай түншилснээр Кремль АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэхийг эрмэлзэж байна. Хиймэл оюун ухааны шинэ сүлжээ нь "БРИКС" болон бусад орны мэргэжилтнүүдийг нэгтгэнэ гэдгийг Путин хэлжээ. ОХУ одоогийн байдлаар хиймэл оюун ухааны хэрэгжилт, инноваци, хөрөнгө оруулалтаар дэлхийн 83 орноос 31-т эрэмбэлэгдэж байна. Энэхүү индексийг Их Британид төвтэй "Tortoise Media" байгууллага гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

03 Jan, 00:32


FBI-ын ажилтнууд түүхэнд байгаагүй их хэмжээний тэсрэх бөмбөг олов
АНУ-ын Виржиниа мужийн нутаг дэвсгэрт орших нэгэн фермд нэгжлэг явуулж байх үед цагдаа нар 150 гаруй тэсрэх бөмбөг олжээ. Энэ нь тус мужийн хууль сахиулах байгууллагын түүхэнд байгаагүй их хэмжээ аж. Тодруулбал, Брэд Спаффорд арванхоёрдугаар сарын 17-нд Уайт тойрогт эхнэр, хоёр бага насны хүүхдийнхээ хамт эзэмшиж амьдардаг эдлэн дээрээ зэвсэг, гар хийцийн сум нөөцөлж байсан гэх мэдээллийн дагуу баривчлагджээ. Мөрдөн байцаагчид байшингийн унтлагын өрөөнөөс "#nolivesmatter" гэсэн шошготой үүргэвчинд их хэмжээний тэсрэх бөмбөг олсон бөгөөд энэ нь хэт барууны үзэлтэй, засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг илтгэж байж магадгүй гэж үзсэн байна.  Спаффордын өмгөөлөгч түүнийг нийгэмд аюултай гэдгийг үгүйсгэж, шүүх хурал болтол хоригдох шаардлагагүй гэж үзжээ. Спаффорд одоогийн байдлаар бүртгэлгүй богино буу эзэмшсэн гэх хэргээр яллагдагчаар татагдаад буй. Мөн тэсрэх бөмбөгнөөс болж нэмэлт хэрэг үүсгэх магадлалтай гэж мөрдөн байцаагчид тайлбарласан юм.
Спаффордын хөрш, хууль сахиулах байгууллагын ажилтан асан энэ оны эхээр түүний 20 акр фермд зочлохдоо дуу, дүрс хураагууртай нэвтэрч, нотлох баримт цуглуулж эхэлжээ. Хөршийнх нь цуглуулсан нотлох баримтууд Холбооны мөрдөх товчооны (FBI) нэгжлэг хийх боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд эдлэн даяар тэсрэх бөмбөг олджээ. Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Спаффорд алга болсон хүүхдүүдийг хулгайлж, тэднийг буудлагын мэргэжил эзэмшүүлэхээр нууц сургуульд илгээдэг байсан гэв. Түүний өмгөөлөгч эдгээр мэдээллийг үгүйсгэж, "Спаффорд хэнийг ч заналхийлж байсан гэх өчүүхэн ч нотлох баримт байхгүй. Тэдний улс төрийн үзэл бодол, сэтгэгдлээс болж хэн нэгэн аюулд өртөж болзошгүй гэсэн маргаан нь утгагүй юм" гэж мэдэгдсэн байна. Улмаар хэргийг хянаж буй холбооны шүүгч Спаффордыг цахим хяналтаар суллах тушаал гаргасан аж. Гэсэн хэдий ч Засгийн газраас уг хэрэгт анхаарал хандуулах болж, суллах шийдвэрийг таслан зогсоосон байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

02 Jan, 07:08


Оросын хий нийлүүлэлт зогссон нь Молдавыг хүнд байдалд унагав
ОХУ байгалийн хийн хоолой Украины газар нутгаар дамжин Европын орнуудад хий нийлүүлэх гэрээний хугацаа нэгдүгээр сарын 1-ны өдрөөр дуусгавар болж, арав гаруй жилийн хамтын ажиллагаа дайны сүүдрээр таран бутрав. Хэдийгээр хориг арга хэмжээг үл хайхран Молдав, Герман зэрэг орнууд уг хоолойгоор байгалийн хийгээ худалдан авдаг байсан ч Украины ерөнхийлөгч Володимир Зеленский "Бидний цусаар нэмэлт тэрбумыг олох зөвшөөрлийг ОХУ-д олгохгүй" гэж мэдэгдсэн байна. Улмаар хий нийлүүлэх гэрээ шинэчлэгдэх эсэх эргэлзээ тайлагдсан юм. Европын комисс байгалийн хий худалдан авдаг орнууд өөр маршрутаар авах болсон гэж мэдэгдсэн. Гэвч Европын холбоонд харьяалагддаггүй Молдав улс аль хэдийн хомсдолыг мэдэрч эхэлжээ. ОХУ Хар тэнгисээр дамжих " TurkStream" хоолойгоор Унгар, Турк, Серби руу хий нийлүүлсэн хэвээр байна. Газпром компани мэдэгдэл гаргаж, 1991 оноос хойш Украинаар дамжин хий нийлүүлдэг байсан хоолой Лхагва гаригийн 08:00 цагт үйл ажиллагаагаа зогсоосон гэв.
Үүний улмаас Европын орнууд шууд нөлөөлөл мэдрээгүй ч ирээдүйд хэрхэх нь удирдагчдын санааг зовоож байна.
Молдав улсын хувьд нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Учир нь тус улс дамжин өнгөрөх хоолойгоор бүхэл бүтэн улсынхаа ихэнх эрчим хүчийг хангадаг төдийгүй 300 мянган орчим хүн амьдардаг Молдав, Украины хооронд хавчуулагдсан Приднестровийн жижиг хэсэг мөн адил уг хоолойнд түшиглэдэг аж. Газпром арванхоёрдугаар сарын 28-нд Молдав улс хийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хязгаарлана гэж мэдэгджээ. Тус улсын ерөнхий сайд Дорин Ричеан төлбөрийн чадамжгүй гэх мэдэгдлийг үгүйсгэж, Оросыг "эрчим хүчийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байна" гэж буруутгасан байна.
Мөн хязгаарлах алхам нь Приднестровийг дун өвлийн саруудад ямар ч дулаан, гэрэлгүй болгоно гэж сануулсан байна.
Орон нутгийн цагаар Лхагва гаригийн орой 07:00 цагт Приднестровийн хийн нийлүүлэлт түр зогссоны улмаас дулаан, халуун ус тасарсан гэж эрчим хүчний Тирастеплоэнерго компани "Telegram" дээр мэдэгдэв.
Оршин суугчид нь дулаан хувцаслаж, гэр бүлийн гишүүдийн хамт нэг өрөөндөө цугларч хамт хонох шаардлагатай хэмжээний хүйтэн болжээ.
Тухайн шөнө гадаа 0 хэмээс хүйтэн байсан нь эмнэлгийн байгууллагуудыг самгардуулсан байна. Молдавын эрчим хүчний сайд Константин Боросан хэлэхдээ, засгийн газар нь эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах арга хэмжээ авсан боловч иргэдээ эрчим хүч хэмнэхийг уриалсан аж. Тус улсын хувьд арванхоёрдугаар сарын дунд үеэс эрчим хүчний салбартаа 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан байдаг.Ерөнхийлөгч Майя Санду Кремлийг 2025 онд болох бүх нийтийн сонгуулийн өмнө улс орныг нь тогтворгүй болгох зорилготой "шантааж хийсэн" гэж буруутгав. Молдавын засгийн газар Приднестровст тусламж үзүүлэхээ ч санал болгосноо мэдэгдэв. Орос Украинд түрэмгийлснээс хойш ЕХ Катар, АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) эх үүсвэрээ авах болж, Норвегоор дамжуулан хий авах эх үүсвэрийг олоод байна. Хэдийгээр Молдав хүнд байдалд орсон ч Европын холбооны гишүүн биш тул тусламж авах боломж нь хомс байна. Улмаар ирэх өдрүүдэд яаралтайгаар эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх хүнд нөхцөл байдалд оржээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

01 Jan, 02:05


Ким Жон Ун АНУ-ын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахаа амлав
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахаа амлав. Трамп Цагаан ордонд буцаж ирснээр хоёр улсын хооронд өндөр түвшний дипломат харилцаа тогтоох хэтийн төлөв нь нэмэгдсэн. Удирдагчид Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд гурван ч удаа уулзаж, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж байв.
Энэ удаад Трамп Украин болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнд түлхүү анхаарал хандуулах учир Хойд Солонгостой харилцах харилцаагаа нэн тэргүүнд сэргээх боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Ким Жон Ун Оросыг дэмжсэн байр суурьтай байгаа тул дипломат харилцааг тийм амар сэргээх боломжгүй юм.
Тэгвэл Ким Жон Ун өнгөрсөн Баасан гаригт өндөрлөсөн эрх баригч намын хуралдааны үеэр АНУ-ыг зэмлэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр "АНУ бол коммунизмын эсрэг үзлийг өөрийн төрийн бодлого гэж үздэг хамгийн эсэргүү улс. АНУ, Өмнөд Солонгос, Японы аюулгүй байдлын түншлэл нь түрэмгийлэлд чиглэсэн цөмийн блок болж өргөжин тэлж байна. Энэ бодит байдал нь бидэнд аль чиглэлд урагшлах, юу хийх, хэрхэхийг тодорхой харуулж байна. Хойд Солонгос улс урт хугацааны үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлынхаа үүднээс АНУ-ын эсрэг хамгийн хатуу стратегийн тодорхой болгосон" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AP.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

30 Dec, 00:20


KLM онгоц Норвегид ослын буулт хийлээ
Ослогоос Амстердамыг чиглэн явж байсан “KLM Boeing 737” онгоц хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас Баасан гаригийн орой Норвегийн өмнөд хэсэгт ослын буулт хийхээс өөр аргагүй болсон тухай “Trend” мэдээлэв. Онгоц 19:14 цагт Торп Сандефьордын нисэх онгоцны буудалд аюулгүй газардсан. Зорчин явсан 182 хүн, түүний дотор багын гишүүд бүгд гэмтэл аваагүй байна.
Ослогоос 18:55 цагт хөөрсөн уг онгоц хөөрсний дараахан зорчигч болон багийн гишүүд чанга дуу чимээ сонссоны улмаас асуудал үүссэн гэдгийг мэджээ. Нисгэгчид онгоцны зүүн хөдөлгүүрээс утаа гарч байгааг ажигласан бөгөөд аюулгүй газардсаны дараа удирдлагагүй болж, хөөрөх зурвасаас хазайж, эцэст нь зүлэгтэй газар зогссон байна. Хэдийгээр онгоцонд гэмтэл гарсан ч хүний амь нас хохироогүй бөгөөд онцгой байдлынхан ослын газрыг шуурхай хамгаалалтанд авчээ.
ЭХ СУРВАЛЖ: TREND.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

28 Dec, 01:13


Төвөдөд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барина
Хятад улс Төвөдийн өндөрлөгийн зүүн хөвөөнд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далан барих төслийг эхлүүллээ. Ярлунг Зангбо голын доод урсгалд байрлах далан нь жилд 300 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
Өдгөө дэлхийн хамгийн томд тооцогдох далан Хятадын төв хэсэгт байрладаг. Тодруулбал, Гурван хавцлын далан нь 88.2 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл Төвөдөд шинээр баригдах усан цахилгаан станц энэ хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр байна. 2000 метрийн өндрөөс 50 км зам туулан усыг урсгах уг төсөл нь асар их нөөц боломжоос гадна инженерийн өвөрмөц сорилт болох юм.
Түүнчлэн энэхүү төсөл нь нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтыг биелүүлэх, инженерчлэл зэрэг холбогдох салбаруудыг идэвхжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэнэ.
Далан барих зардал нь Гурван хавцлын даланг барьсан өртгөөс хэтрэх төлөвтэй байна. Гурван хавцлын даланг 254.2 тэрбум юань буюу 34.83 тэрбум ам.доллараар барьж байжээ. Үүнд инженерийн зардлаас гадна бүс нутгийн 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг ч багтаасан аж. Харин Төвөдийн далангийн тухайд хэдэн хүнийг нүүлгэн шилжүүлэх, экосистемд энэ ажил хэрхэн нөлөөлөх зэрэг нь тодорхой болоогүй байна.
Хөрш зэргэлдээ Энэтхэг, Бангладеш улсууд уг даланд санаа зовнингуй байна. Яагаад гэвэл уг төсөл нь бүс нутгийн экологийн тогтоц, голын урсацыг өөрчлөх магадлалтай. Ярлунг Зангбо нь Төвөдөөс гарч Энэтхэгийн Аруначал Прадеш, Ассам мужууд руу урсаж, эцэст нь Бангладеш руу урссаар Брахмапутра гол болдог.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

27 Dec, 02:57


Байден, Трамп нар зул сарын мэндчилгээгээрээ юуг онцлов?
АНУ-ын шинэ, хуучин ерөнхийлөгч нар зул сарын баярын мэндчилгээгээрээ ард иргэддээ өөр өөр мессеж хүргэв. Ардчилсан намын гишүүн Жо Байден америкчуудыг тунгаан бодож, нэгдэхийг уриалсан бол Бүгд найрамдах намын Дональд Трамп улс төрийн өрсөлдөгчдөө онилжээ.
Байден мэндчилгээндээ "Бид энэ дэлхий дээр бие биенээ халамжилж, хайрлахын тулд ирсэн. Бид бие биенээ хөршүүд гэж хардаггүй, америкчууд ч гэж хардаггүй, харин дайсан мэт харах болжээ. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, гэрэлтэй амьдралыг сануулахын тулд эргэцүүлэн бодоцгооё. Америкчуудыг хагалган бутаргахаас илүүтэй нэгтгэх хэрэгтэй. Бид америк хүн болж төрсөн нь үнэхээр азтай" гэжээ.
Харин Трамп "Truth Social" платформоор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятадын цэргүүд Панамын сувгийг ажиллуулж байна гэж мэдэгдэхийн зэрэгцээ Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Байден болон Ардчилсан намынхныг шүүмжилсэн байна. Тэрбээр "Манай шүүхийн систем болон сонгуульд саад учруулахыг байнга оролддог галзуу хүмүүст зул сарын баярын мэнд хүргэе. Юу хийж байгаагаа огт мэдэхгүй хүнээс өршөөл эрэх нь амьд үлдэх цорын ганц боломж гэдгийг тэд мэднэ. Канадад иргэдийн татвар хэт өндөр байгаа. Гэхдээ Канад манай 51 дэх муж болох юм бол тэдний татвар 60 гаруй хувиар буурна" гэжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын конгресс түүхэн дэх хамгийн туйлширсан конгресс болох замдаа орсон бололтой. Трамп албан тушаалаа хүлээж авмагцаа улс төрийн дайснууд гэж үзэж буй хүмүүсээ яллах, холбооны засгийн газрын бүтцийг өөрчлөх, Панамын сувгийг авах зэрэг өөрчлөлтүүдийг хийхээ амлаад байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

26 Dec, 01:13


Пакистан талибуудын эсрэг цохилт өгөв
Пакистан энэ сарын 24-ний шөнө Афганистаны Пактика мужийн Бармал дүүрэгт хэд хэдэн удаа агаарын цохилт өгч, 46 хүн амиа алджээ. Мөн зургаан хүүхэд шархадсан гэж Талибаны засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.
Агаарын цохилтод долоон тосгон өртсөний дотор нэг гэр бүлийн таван гишүүн амиа алдсан нь Ламан тосгонд аж. Пакистан халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Мург Базар тосгон ихээхэн сүйрэлд автсан байна. Талибуудын Батлан хамгаалах яам агаарын дайралтыг буруутгаж, хариу арга хэмжээ авна гэж амлалаа.
Амиа алдсан хүмүүсийн албан ёсны тоо хараахан гараагүй байгаа ч дор хаяж 15 хүний цогцсыг гаргаж авсан гэх мэдээлэл байна. Пакистан болон Афганистаны хооронд хурцадмал байдал нэмэгдэж, ялангуяа Афганистаны нутаг дэвсгэрт "Техрик-е-Талибан Пакистан" (TTP) бүлэглэлийн босогчид байгаатай холбогдуулан агаарын цохилт өгч байгаа бололтой. Сүүлийн саруудад Пакистаны армийн эсрэг дайралт хийх болсон “TTP”-ын дайчдыг орогнох байраар хангасан гэж тус улсын эрх баригчид Талибаныг удаа
дараа буруутгаж байсан юм. Үүний хариуд Талибанчууд эдгээр мэдэгдлийг няцааж, сүүлчийн цохилтод дайчид бус энгийн иргэд өртсөн гэж мэдэгдэв. “Афганистаны Исламын Эмират улс үүнийг олон улсын бүх зарчим, илэрхий түрэмгийллийн эсрэг харгис үйлдэл гэж үзэж, хатуу зэмлэн буруутгаж байна. Бид хариу арга хэмжээ авна” гэж Афганистаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

25 Dec, 00:10


Франц нэг жилийн дотор дөрөв дэх засгийн газраа байгуулав
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригийн орой шинэ засгийн газраа томилж, Европын холбооны хоёр дахь том эдийн засгийг улс төрийн хямралаас гаргахын тулд энэ оны дөрөв дэх ерөнхий сайдаар Франсуа Байруг албан ёсоор сонгов. Харин ерөнхий сайд асан Элизабет Борныг төв үзэлтэй Байругийн удирдлага дор боловсролын сайдаар томилсон байна.
Энэ онд ерөнхий сайдыг албыг мөн адил хашиж байсан 62 настай Мануэль Валлс хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн сайд болсон бол дотоод хэргийн сайд асан Жералд Дарманин хууль зүйн сайд болжээ.
Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну, гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар албан тушаалдаа хэвээр үлдсэн гэж ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэв. 38 настай, улс төрийн хурц хандлагатай Лекорну 2017 онд Макроныг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бүх засгийн газарт ажилласан байдаг. Хууль бус цагаачлалыг таслан зогсоохоо амласан Консерватив намын дотоод хэргийн сайд Бруно Ретайлло болон барууны үзэлт соёлын сайд Рачида Дати нар мөн адил албан тушаалдаа үлджээ. Ирэх оны төсвийн төлөвлөгөөг гаргах хүнд хэцүү ажил нь эдийн засгийн сайдаар томилогдсон, улсын секторын зээлдэгч "Caisse des Depots" (CDC) компанийн тэргүүн, 66 настай Эрик Ломбард ноогджээ.
Нэг жилийн дотор дөрвөн удаа ерөнхий сайдаа солиж буй тус улсын шинэ сайд Байру Даваа гаригийн орой цахим хуудас дээрээ "Би өнөө орой танилцуулагдаж буй шинэ баг хамт олны нэг гэдэгтээ бахархаж, баярлаж байна. Бидний туршлагатай засгийн газар ард түмний итгэлийг сэргээх болно" гэж онцолжээ. Ерөнхий сайд асан хоёр ч хүнийг шинэ засгийн газарт багтаасан нь Макроны тогтвортой байдлыг хангасан засгийн газар байгуулах хүсэлтэй байгааг харуулж байна. Байру засгийн газраа болзошгүй шүүмжлэлээс хамгаалахын тулд зүүн, баруун, төвийн үзэлт намын гишүүдээр багаа бүрдүүлнэ гэж олон нийт найдаж байв. Гэвч түүний 35 гишүүнтэй багт хамгийн олон суудал авсан зүүний хүчний "Шинэ ардын фронт" эвслийн төлөөлөгч байхгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: AFP.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

23 Dec, 23:38


Вьетнам 10 гаруй жил хүлээсний эцэст метротой боллоо
Вьетнамын хамгийн том хот анхны метроны шугамаа нээв. Хо Ши Мины мянга мянган оршин суугч Ням гаригт ажиллаж эхэлсэн нэгдүгээр шугамын метронд сууж, анхдагчид болохоор дугаарлан зогссон байжээ. Уг шугам нь хотын төв дэх хөл хөдөлгөөн ихтэй Бен Тхан худалдааны захаас баруун зүгт, хотын захад орших Соуи Тиен  цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилдэг. Нийт 14 буудал газар үргэлжлэх бөгөөд нэгдүгээр шугамын гурван зогсоол нь газар доор байдаг бол үлдсэн 11 нь газар дээр байрлах зогсоолтой аж.  "Covid-19" тахал болон санхүүгийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд Вьетнам улс метро бүтээн байгуулах асуудлыг хойш тавьж байжээ.
Хотын албаны дарга Буй Суан Куонг шугамын нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ "Бүхэл бүтэн 17 жилийн турш төлөвлөж, 12 жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын дараа энэхүү шугам нээлтээ хийж буй нь манай хотын нийтийн тээврийн хөгжилд чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Түгжрэл ихтэй, есөн сая хүн амьдардаг хотод метроны систем ажиллаж эхэлсэн нь замын хөдөлгөөнийг бууруулахад тусална гэж тус улсын засгийн газар найдаж буйгаа мэдэгдсэн байна. Цаашид найман шугам тавихаар төлөвлөж байгаа ч хэзээ бүтээн байгуулалтын ажиллаж эхэлж, нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын нээлтийн урамшууллын хүрээнд зорчигчид эхний нэг сар үнэ төлбөргүй зорчих бөгөөд метроны буудлуудад чиглэсэн шинэ цахилгаан автобусаар мөн адил үнэ төлбөргүй зорчих болжээ. Хоёрдох сараас эхлэн тасалбарын үнэ зайнаас хамаарч 7000-20000 дон (27-79 цент) байх бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үнэ төлбөргүй зорчих юм байна. Цахим төлбөрийн хэрэглүүрийг ашиглаж буй оюутан, зорчигч нар мөн адил хөнгөлөлт эдлэх болно. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, метроны нэгдүгээр шугам өдөр бүр 5:00-22:00 цагийн хооронд явна.
Вьетнамын зорчих тээврийн дэд бүтэц нь Япон, Хятадын гол хүч өрсөлдөх газар байжээ. Учир нь тус хоёр улс аль аль нь Азид хамгийн их бүтээн байгуулалтыг хийж, нөлөөгөө бататгахыг эрмэлзэж буй. Хо Ши Мины хувьд Япон улсаас 1.72 тэрбум ам.долларын санхүүжилт авч, метроны шугамаа барьсан бол Ханойд 2021 онд Хятад улс метроны шугам барих санхүүжилт олгож байжээ. Мөн тус хотын хоёр дахь метроны шугам 2025 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд урьдын адил Хятадын санхүүжилтээр бий болох аж.  Энэ оны эхээр Вьетнамын засгийн газар худалдааны хамгийн том түнш орон буюу Хятадтай хамтарч, хоёр орны холбосон өндөр хурдны галт тэрэгний шугам барихаар төлөвлөж буйгаа зарласан юм. Үүний адилаар Ханой, Хо Ши Мин хотуудыг холбосон хурдны галт тэрэгний шугам барихаар төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

23 Dec, 01:07


Тел-Авив хот Йемений пуужингийн цохилтод өртөв
Йемений хуситууд Израилийн Тел-Авив хотод пуужингийн цохилт өгсний улмаас 10 гаруй хүн шархаджээ. Йеменээс хөөргөсөн пуужин Бямба гаригийн үүрээр цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд газардсан байна. Дуунаас хурдан баллистик пуужин ашиглан цэргийн байг онох гэсэн боловч энэ нь бүтэлгүйтэж, нийтийн эзэмшлийн талбайд газардсан аж.
Ираны дэмжлэгтэй босогчдын бүлэглэл болох хуситууд Газын зурвас дахь дайн эхэлснээс хойш Израиль болон олон улсын усан онгоц руу довтолж, палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байх болсон. Энэ хугацаанд Йеменээс Израиль руу 400 орчим пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөсөн байна. Тэд Газын зурвас дахь дайн дуусах хүртэл дайралтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд буй.
Израилийн арми энэ долоо хоногийн эхээр Йемений нийслэл Сана хотын боомт, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөн. Салиф боомт болон Рас-Исса нефтийн терминалд өгсөн цохилтын улмаас есөн хүн амиа алджээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

21 Dec, 11:26


Нигери: Сургуулийн арга хэмжээний үеэр 35 хүүхэд амиа алдав
Нигерийн баруун өмнөд хэсэгт байрлах нэгэн ахлах сургуулиас зохион байгуулсан арга хэмжээний үеэр 35 хүүхэд амиа алджээ. Энэ нь гэр бүлийн арга хэмжээ байсан бөгөөд олон мянган хүн цугларсан аж. Гэвч олон хүн бужигнасны улмаас 35 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн зургаан хүн гэмтэж бэртжээ. Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу энэхүү эмгэнэлт үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.
Арга хэмжээг зохион байгуулагчид хоол хүнс, бэлэг тарааснаар хүмүүс бужигнаж эхэлжээ. Сургуулийн захиргаа энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг саатуулаад байна.
Нигери улсад сүүлийн саруудад хүний амь олноор эрсэдсэн үймээн самуун хэд хэд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард үнэгүй будаа тараахад олон хүн бужигнаснаар хоёр оюутан нас барж, 23 хүн гэмтэж бэртсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: DWasian.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

18 Dec, 23:51


ОХУ баллистик зэвсгийн арсеналаа өргөжүүлнэ
ОХУ шинэ стратегийн пуужингийн системээр нэмэгдүүлж, хамгийн алсын тусгалтай пуужинг хөөргөх зэргээр баллистик зэвсгийн арсеналаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гадны хүчнээс өсөн нэмэгдэж буй аюулын хариуд туршилтаа нэмэгдүүлж магадгүй гэдгийг Оросын Стратегийн пуужингийн армийн командлагч Сергей Каракаев мэдэгдлээ.
Тэрбээр Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны сонинд өгсөн ярилцлагадаа "Манай пуужинд хүрч чадахгүй газар гэж үгүй. Хэрэв гадны аюул заналхийлэл нэмэгдвэл Орос улс дэвшилтэт пуужингийн зэвсгийн туршилтынхаа эрчмийг нэмэгдүүлж магадгүй" гэжээ.
ОХУ тив хоорондын баллистик пуужингийн "Осина" нэрт шинэ системийг бүтээж буйгаа олон нийтэд мэдэгдсэн. "Осина" болон бусад шинэ пуужингийн системийг байлдааны ажиллагаанд нэвтрүүлэх нь Оросын нэн тэргүүний зорилт болоод байна. Энэхүү зорилтын хүрээнд ОХУ "Орешник" гэгддэг дунд тусгалын хэт авианы баллистик пуужинтай ижил төстэй пуужингийн системийг боловсруулж дуусгаж байгааг Путин мэдэгдсэн байна. Тус системийг удахгүй бөөнөөр үйлдвэрлэх аж.
ОХУ стратегийн давшилтын зэвсгийг хөгжүүлэх янз бүрийн хувилбаруудыг авч үзнэ гэдгийг Каракаев ярилцлагадаа онцолжээ. Ингэхдээ 2026 онд цөмийн зэвсгийн тухай "New START" гэрээний хугацаа дуусмагц АНУ ямар алхам хийхээс хамаарна гэжээ. Хүйтэн дайны үеийн их гүрнүүдийн цөмийн зэвсгийн уралдааныг удаашруулах, зэвсгийн тоонд хязгаарлалт тогтоох замаар ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд "New START" гэрээг анх байгуулж байв. Тэгвэл дараагийн орлуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ ОХУ аравдугаар сард мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

17 Dec, 00:40


Авлигатай дотроосоо эхэлж тэмцэхийг Ши Жиньпин уриалав
Эрх баригч Коммунист нам дотроо хагаралдаж байсан ч сахилга батыг төлөвшүүлж, гишүүдийн дунд болж буй зүй бус ямар ч асуудлын эсрэг хатуу арга хэмжээ авахыг Хятадын дарга Ши Жиньпин уриалж байжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард хууль бус наймааг таслан зогсоох хурлын үеэр намын гишүүддээ авлигын хэрэгт нууцаар холбогдсон аливаа гишүүнийг өчиггүй мэдэгдэх ёстой гэж уриалж байсан талаар "Qiushi" сэтгүүлийн Даваа гаригийн дугаарт онцолсон байна.
 Ши Жиньпин мөн "Намын өмнө тулгарч буй нөхцөл байдал, үүрэг даалгавар өөрчлөгдөхийн хэрээр нам дотор элдэв зөрчил, бэрхшээл гарах нь дамжиггүй. Бид шударга ёсыг цогцлоох хутганы ирийг дотогшоо харуулж, сөрөг нөлөөллийг цаг тухайд нь арилгах зоригтой байх ёстой. Коммунист нам үргэлж шударга, зоригтой байх ёстой" гэж мэдэгдэж байжээ.
Тэрбээр 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигын эсрэг тууштай тэмцэж нам доторх эрх мэдлээ бататгаж чадсан төдийгүй иргэдийн эрх баригч намдаа итгэх итгэлийг сэргээж чадсан гэж ажиглагчид үздэг. Гэвч тус намын зэвсэгт хүчин дотор авлигын асуудал гарсаар байгаа нь цэргийн байлдааны бэлэн байдалд эргэлзэхэд хүргэжээ. Жишээ нь, өнгөрсөн хоёр жилд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн авлига авсан нь тогтоогдож, сахилгаа ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр намаасаа хөөгдөж байсан. Мөн арваннэгдүгээр сард Ши Жиньпинд үнэнч гэгдэж байсан цэргийн дээд командлалын адмирал Мяо Хуа сахилга бат зөрчсөн хэргээр шалгагдаж байна гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.
Энэ мэт асуудал олон жил гарч байсан тул Ши Жиньпин гишүүдийн сахилга батыг чангатгах, хувийн ашиг хонжоо хайсан албан тушаалтан болон хууль бус хэрэгт уруу татан оролцуулж буй хэнбугайг ч олон нийтэд илчилж, шударга төрт Хятадыг бүтээх өргөн хүрээний цэвэрлэгээний ажил явуулах болсон гэж "Qiushi" сэтгүүл тайлбарлажээ.
Түүнчлэн уг кампанит ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд Ши Жиньпин ойрын таван жилийн дотор Хятадыг авлигаас ангижруулж чадна гэж ажиглагчид үзэж буйг онцолжээ. Коммунист намын хувьд илтгэл, мэдэгдлийг бүрэн эхээр нь олон нийтэд цаг тухайд нь мэдээлдэггүй. Зарим тохиолдолд аливаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэвлэл мэдээлэлд тодорхой хугацааны дараа тайлбар өгдөг аж.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

16 Dec, 00:53


Францын ерөнхий сайдаар төвийн үзэлтэн Франсуа Байруг сонгов
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн Баасан гаригт төвийн үзэлтэн Франсуа Байруг ерөнхий сайдаар томилжээ. Өмнөх ерөнхий сайд Мишель Барниер итгэл үзүүлэхгүй байх санал хураалтад бүдэрч, огцорсон билээ.
Франсуа Байругийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд гурван ч удаа нэр дэвшиж байсан түүхтэй. Өдгөө 73 настай тэрбээр төв үзэлтэй Ардчилсан хөдөлгөөний улс төрийн намыг үүсгэн байгуулсан. Мөн баруун өмнөд Пау хотын захирагч юм.
Тэрбээр томилогдсоныхоо дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө "Хүн бүр хүнд хэцүүг нь мэдэж байгаа. Хүмүүсийг хагалган бутаргахын оронд нэгтгэх арга замыг нь олох ёстой гэж бодож байна" гэжээ.
Мишель Барниерийн цөөнхийн засгийн газар 60 тэрбум еврогийн татварын нэмэгдлийг багтаасан 2025 оны төсвийг батлах гэж оролдсон нь бүтэлгүйтэж, гуравхан сарын дараа нуран унасан билээ. Хэлэлцэх асуудлыг санал хураалтгүйгээр батлах гэж завдсан нь Барниерийг уналтад хүргэсэн юм. Харин Франсуа Байру арванхоёрдугаар сарын 21-нээс өмнө өөрийн төсвөө батлах ёстой.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

15 Dec, 08:52


Кремль Трамптай санал нэгдэж буйгаа мэдэгдэв
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп "ATACMS"-ээр Оросын гүнд цохилт өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа Пүрэв гаригт илэрхийлсэн юм. Үүнтэй Кремль бүрэн санал нийлж байна гэж Баасан гаригт мэдэгджээ.
Украины арми энэ долоо хоногт АНУ-аас нийлүүлсэн "ATACMS" зэвсгээр Оросын нисэх онгоцны буудалд цохилт өгсөн юм. Үүний хариуд Украины эрчим хүчний сүлжээнд томоохон хэмжээний агаарын довтолгоо хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Баасан гаригт мэдэгдлээ. Тэрбээр мөн Дональд Трампийн "ATACMS"-ийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад талархаж, "Хурцадсан шалтгааны талаарх бидний байр суурьтай бүрэн нийцэж байна. Трамп нөхцөл байдлыг яг юу хурцатгаж байгааг ойлгож байгаа нь илт байна" гэж сайшаасан юм.
Тодруулбал, “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Трамп “Оросын нутаг дэвсгэр рүү хэдэн зуун бээрийн зайд пуужин харвах эрхийг Украинд олгосон нь тэнэг шийдвэр гэж бодож байна" гэж хэлсэн байдаг. Украинд барууны зэвсэг нийлүүлж буйг Москва удаа дараа буруутгаж, зэвсгийн хэрэглээ нь "NATO"-гийн орнуудыг дайнд шууд оролцогч болгоно гэж мэдэгдэж байсан юм.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 24 цагийн дотор Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрч чадна гэж мэдэгдсэн тул нэгдүгээр сард тангараг өргөх ёслолын өмнө гал зогсоох боломжтой гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна. Гэвч Украинтай энхийн хэлэлцээ хийх "урт нөхцөл" хараахан биелээгүй гэж Кремль Баасан гаригт мэдэгдсэн байна.
Песков сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид гал зогсоохыг хүсэхгүй байна. Бид өөрсдийн нөхцөлөө биелүүлж, бүх зорилгоо биелүүлсний дараа энх тайвныг хүсч байна" гэж хэвлэлийн бага хурлын төгсгөлд онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: THEMOSCOWTIMES.ru

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

14 Dec, 12:12


Ши Жиньпин Трампийн урилгаас татгалзаж магадгүй
Дональд Трампийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Энэ ёслолд тэр Хятадын даргыг урьсан боловч Ши Жиньпин татгалзаж магадгүй байна. Яагаад гэвэл тэр энэ урилгыг хүлээн авах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн байх магадлалтай. Хоёр улсын хооронд улам бүр өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнд Трампийн урилга төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах асан Дэнни Рассел энэ талаар хэлэхдээ "Ши Жиньпин Конгрессын гишүүдийн дунд орчихсон, тангараг өргөж буй Трампийг ширтээд индрийн доор сууж байна гэхээр та төсөөлж байна уу? Тэр өөрийгөө гадаадын удирдагч, нарийн хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн ялалтыг тэмдэглэж буй зочны статустай байхыг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.
Түүний хэлснээр Хятадын албан тушаалтнууд удирдагчийн гадаад айлчлалыг асар өндөр ач холбогдолтой авч үздэг. Вашингтон руу Хятадын аль нэг дарга айлчилж байгаа л бол бүрэн хэмжээний төрийн айлчлал байх шаардлагыг тэд тавьдаг аж.
Харин Вашингтонд төвтэй Стимсон бодлогын хүрээлэнгийн Хятад хөтөлбөрийн захирал Юн Сун хэлэхдээ "Хятадын удирдагч АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байсан жишиг байхгүй учир Бээжин аюулгүй тоглох болно. Хятад улс эрсдэл хүлээнэ гэж бодохгүй байна. Зочдын дунд эрсдэлтэй нэгэн ч бий" гэв. Энэ үгээрээ тэр 2021 онд Жо Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн АНУ дахь дээд дипломатч оролцсон явдлыг онцолжээ.
Мөн "Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулна гэж амлаад буй энэ үед Ши Жиньпин ёслолд оролцох юм бол тэнэг харагдана. Бээжингийн хувьд энэ бол хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл" гэжээ.
Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь хоёр улсын өрсөлдөөнийг улам ширүүсүүлэх төлөвтэй байна. Үүний нэг илрэл нь Трамп засгийн газрынхаа танхимд Хятадтай тэмцэгч хэд хэдэн шонхорыг сонгосон явдал юм. Хятадын хувьд одоогоор "хүлээгээд харзнах" арга барилыг баримталж байна. Гэсэн ч АНУ-ын зүгээс ямар нэг найрсаг бус алхам хийвэл хариу цохилт өгөхөд бэлэн аж. Трамп хэдийгээр урилга илгээсэн ч түүний бодлого өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Учир нь Трамп 2017 онд Хятадад найрсаг сайхан айлчлал хийсэн боловч дараа жил нь худалдааны дайн эхлүүлж байв.
ЭХ СУРВАЛЖ: AP.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

14 Dec, 00:22


ОХУ: Хоригийн улмаас "Новатек"-ын нэг хэсгийг хаана
ОХУ барууны хориг арга хэмжээний улмаас Мурманскийн ойролцоох "Новатек" шингэрүүлсэн хийн үйлдвэрийнхээ нэг хэсгийг хаахаас өөр аргагүй болжээ. Энэ нь шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн гарцаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг байв. Гэвч 15 мянган ажилчин ажиллуулахаар төлөвлөгдсөн Белокаменка талбай эзгүйрч, ихэнх гэрээт гүйцэтгэгч нь талбайг орхижээ. Талбайд ердөө 500 хүн үлдсэн нь голдуу хамгаалалтын ажилтнууд юм.
Дөнгөж өнгөрсөн жил баригдаж дууссан үйлдвэийн хэсэг ийн хаагдахаас өөр аргагүйд хүрсэн нь ерөнхийлөгч Путины хувьд том цохилт болж байна.
"Новатек" өнгөрсөн онд 79 тэрбум шоо метр хий үйлдвэрлэсэн нь Их Британийн нийт хэрэглээтэй тэнцэхүйц юм.
Гэвч байгууламж баригдсанаас хэдхэн сарын дараа АНУ болон Европын холбоо Арктикийн "LNG 2" төсөлд хориг арга хэмжээ авчээ. Баруун Сибирь дэх "LNG 2" төсөл нь Салмановское болон Геофизическое ордоос хий экспортлох зориулалттай. "LNG 2"-т нийлүүлэх хийг боловсруулахад шаардлагатай платформуудыг барихаар дээр дурдсан Белокаменка талбайг анх барьжээ.
Төлөвлөсөн гурван платформын хоёр нь аль хэдийнэ баригдаж, хийн ордууд оршдог Обын булан руу татагдсан байна. Тэдгээр байгууламж нь 20 сая тонн хий үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн байсан ч огт үйлдвэрлэл явагдаагүй. Гурав дахь байгууламж нь ч бас баригдах үгүй нь тодорхойгүй болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: THETELEGRAPH.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

09 Dec, 01:36


Трамп сонгуулийн дараах анхны гадаад айлчлалаа хийв
Дональд Трамп арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойших анхны гадаад айлчлалаараа Парист ирээд байна. Тэрбээр таван жилийн өмнө түймэрт өртөн сүйдсэн Нотр-Дамын сүмийг дахин нээх ёслолд оролцохоор ирсэн нь энэ юм.
Энэхүү айлчлалын хүрээнд тэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзлаа.
Макрон энэ үеэр Трампийг Парист дахин угтан авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Харин Трамп "Бид хамтран ажиллаж батлан хамгаалах тал дээр маш их амжилтад хүрлээ. Яг одоо дэлхий ертөнц үнэхээр галзуурч байх шиг санагдаж байна. Энэ талаар бид ярих болно" гэжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дараа нь хэлэлцээнд нэгдсэн. Гэхдээ тэдний чухам юу хэлэлцсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ гурван удирдагчийг Украины нөхцөл байдлын хэтийн төлөв болон бусад асуудлаар ярилцсан гэж үзэж байна. Мөн буулт хийхээс өөр аргагүй нөхцөл байдлыг Украин хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг Зеленский илэрхийлсэн гэж үзэж байна. Тэд уулзалтынхаа дараа сэтгүүлчдийн өмнө гарч ирэн, гар барьж, хоорондоо ярилцсан аж.
Зеленский энэ талаар цахим сүлжээндээ бичихдээ "Гурван талт уулзалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Ерөнхийлөгч Трамп урьдын адил шийдэмгий байна. Бид үргэлжлүүлэн хамтран ажиллаж, холбоотой байхаар тохиролцсон" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

08 Dec, 09:05


Юн Сук Ёл ард түмнээсээ уучлалт гуйв
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал тогтоох гэсэн оролдлого нь улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэж, түүнд импичмент зарлах болсноос хойш анх удаа ард түмнээсээ уучлалт гуйлаа.
Тэрбээр хоёр минут үргэлжлэх илтгэлдээ "Онц байдал зарлах болсон нь төрийн үйл хэрэгт хариуцлагатай тал бий болгох гэсэн миний цөхрөлөөс үүдэлтэй. Ард иргэдээ цочирдоход хүргэж, түгшүүр төрүүлсэндээ гүнээ харамсаж байгаа тул чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний бие онц байдал зарласантай холбоотой хууль эрх зүйн болон улс төрийн хариуцлагаас зайлсхийхгүй болохоо мэдэгдэж байна" гэжээ.
Юн Сук Ёл энэ долоо хоногийн Мягмар гаригийн орой /2024.12.03/ цэргийн онц байдал гэнэт зарласан. Энэ нь Хойд Солонгосын талыг баримтлагч Либерал Ардчилсан намын зүгээс дээд шатны прокуроруудыг огцруулах, ирэх оны засгийн газрын төсвийн төслийг няцаасантай холбоотой гэж тэрбээр мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч зургаан цагийн дотор хууль тогтоогчид Үндэсний ассамблей руу цэргийнхний хаалтыг сөрөн орж, санал нэгтэйгээр онц байдлыг цуцалсны дараа ерөнхийлөгч Юн Сук Ёл ухрахаас өөр аргагүйд хүрсэн.
Мөн түүний эрх баригч намын тэргүүн өчигдөр /2024.12.06/ Юн Сук Ёл дахин онц байдал зарлах магадлал өндөр учир ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нь яаралтай түдгэлзүүлэх ёстой гэж мэдэгдсэн.
Үүнийг Юн Сук Ёл иш татан, уучлалт гуйж буй бичлэгтээ "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шатны хоёр дахь оролдлого огт хийхгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн "Би намдаа улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах арга барилыг даатгах болно, тэр дундаа бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа намын шийдвэрийг хүндэтгэх болно. Санаа зовоосон асуудал үүсгэсэндээ би ард иргэдээсээ уучлалт хүсч байна" гэж хэлээд Юн Сук Ёл индэр дээрээс бууж бөхийсөн байна.
Цэргийн онц байдал зарласан нь хэдий богино хугацаанд байсан ч улс орон даяар цочрол, уур хилэнг дагуулсан. Учир нь 1980-аад онд ардчиллын төлөөх урт удаан, цуст тэмцэлд ялахаас өмнөх цэргийн дарангуйллын үед тогтоосон харгис журам учир ард иргэдийн даван туулж, мэдэрсэн гүн шархыг сэдрээсэн явдал болсон гэж ажиглагчид үзэж буй. Өмнөд Солонгос нийт долоон намтай бөгөөд парламентын олонх нь сөрөг хүчний  Либерал Ардчилсан нам юм. Онц байдлын дараа эрх баригч Ард түмний хүч нам Юн Сук Ёлын эсрэг импичмент явуулахыг эсэргүүцэж байсан бол сөрөг хүчний намууд дэмжиж байв. Гэсэн хэдий ч эрх баригч намын Хан Дук Хун импичментийг намын хоёр гишүүний хамт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр орой орон нутгийн 19:00 цагт Үндэсний ассамблей цугларч санал хураалт явуулахаар төлөвлөж буй.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

05 Dec, 23:15


ОХУ Газар дундын тэнгист цэргийн сургуулилалт хийв
ОХУ-ын Жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов, АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын нэгдсэн хорооны генерал С.К.Браунтай өнгөрсөн сарын 27-нд яриа хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт цэргийн томоохон сургуулилалт хийх гэж буй тухайгаа Герасимов анхааруулсан байна.
Сургуулилалтын хүрээнд Мягмар гаригт Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт дуунаас хурдан болон далавчит пуужин харважээ. Тодруулбал, "Циркон" дуунаас хурдан пуужин болон “Калибр” далавчит пуужингуудыг тэнгисийн цэргийн бай руу харвасан гэж Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Мөн 1000 гаруй цэрэг, 10 хөлөг онгоц, 24 нисэх онгоц, тэр дундаа "Кинжал" хэт авианы пуужингаар зэвсэглэсэн МиГ-31 сөнөөгч онгоцууд сургуулилалтад оролцов.
АНУ одоогийн байдлаар Газар дундын тэнгист "USS Bulkeley" болон "USS Arleigh Burke" гэсэн хоёр эсминец хөлөг онгоцтой.
Тэднийг утсаар яриа хэлэлцээ хийснийг Брауны хэвлэлийн төлөөлөгч баталжээ. Гэхдээ генерал Герасимовын хүсэлтээр энэ талаар олон нийтэд тухайн үед нь ил тод зарлаагүй аж. Тэд Украин дахь дайнд хойд солонгос цэргүүд оролцож буй талаар, АНУ-аас Украинд АТАКМС пуужин харвах зөвшөөрөл олгосон тухай зэргийг ярилцжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

03 Dec, 23:32


Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дөнгөж саяхан цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ "Дайны онц байдал нь Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгах болон үндсэн хуулийн эрх чөлөөний тогтолцоог хамгаалах зорилготой" гэжээ. Тус улсын сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна гэж үзсэн тул ийнхүү дайны онц байдал зарлав.
Сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн тодотголын төслийг батлуулахыг оролдохын зэрэгцээ тэргүүн хатагтайг шалгаагүй гэх үндэслэлээр улсын аудитор, ерөнхий прокурорыг огцруулах санал ирүүлсний дараа Юн Сук Ёл ийм шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын удирдагч Ли Жэ Мён бүх хууль тогтоогчоо Үндэсний ассемблейд цуглаж, хуралдахыг уриалав. Гэхдээ Үндэсний ассамблейн гишүүдийг барилга руу нэвтрэхийг хориглосон тухай "Yonhap" мэдээлээд байна. Мөн ассамблейн гадаа цагдаа нар гарсан байгааг харуулжээ. Өмнөд Солонгосын хуулийн дагуу Үндэсний ассамблей санал хураалт явуулах замаар цэргийн дэглэмийг цуцлуулах боломжтой.
Эрх баригч Ардын хүчний намын дарга Хан Дун Хун цэргийн онц байдал зарласныг буруу алхам гэжээ.
Дайны онц байдал гэдэг нь онцгой байдлын үед иргэний эрх баригчид ажиллах боломжгүй гэж үзэж цэргийн эрх баригчид түр зуур дэглэм тогтоохыг хэлнэ. Дайны хууль хэрэгжсэнээр иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлэх, цэргийн хуулийн хугацааг сунгах зэрэг эрх зүйн үр дагавар дагуулах магадлалтай. Энэ нь онолын хувьд түр зуурынх ч гэлээ үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байна.
Мөн дайны дэглэм зөрчсөн хүмүүсийг өчиггүйгээр баривчлах эрхтэй аж. Бүх хэвлэл мэдээлэл байлдааны дэглэмийн удирдлага дор ажиллана. Эмнэлгийн ажилтнууд, тэр дундаа дадлагажигч эмч нарыг 48 цагийн дотор ажилдаа буцаж орохыг тушаагаад байна.
Өмнөд Солонгост хамгийн сүүлд 1979 онд удирдагч Пак Чун Хи алагдсаны дараа цэргийн онц байдал зарлаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

03 Dec, 00:18


Трамп "BRICS"-ын орнуудад 100% татвар ногдуулна гэв
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп "BRICS"-ын орнуудад шинэ валют гаргахгүй байхыг анхааруулав. Эс бөгөөс бүрэн эрхийн хугацаандаа эдгээр орнуудад 100 хувийн татвар ногдуулна гэжээ. Тэрбээр "Truth Social" платформ дээр Ням гаригт энэ талаараа бичихдээ "Бидний нүдэн дээр BRICS-ын орнууд ам.доллараас хараат бус болох санаа агуулж байгаа бол бүх зүйл дууссан. Бид эдгээр орнуудаас шинэ валют гаргахгүй байх болон хүчирхэг ам.доллараас хараат бус болохгүй байх амлалтыг шаардана.
Үгүй бол тэд 100 хувийн татвар төлж, гайхамшигт АНУ-ын эдийн засагт хийх борлуулалтдаа салах ёс хийж чадна гэж найдаж байна" гэжээ.
BRICS-ын орнуудад 2011 оноос хойш Орос. Бразил, Энэтхэг болон Өмнөд Африк зэрэг хэд хэдэн орнууд багтдаг. Мөн энэ оны эхээр Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп болон Египет албан ёсоор элссэн юм. Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд Наледи Пандор хоёрдугаар сард хэлэхдээ, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын холбоонд 34 улс элсэх сонирхолтой байгааг онцолж байжээ.
Түүнчлэн, гишүүн орон болох Бразилын удирдагч Луис Инасио Лула да Силва ам.доллараас хараат байдлыг багасгахын тулд 2023 онд "BRICS"-ын орнууд ашиглах нийтлэг валют бий болгохыг Өмнөд Америкт санал болгож байсан.
Хэрэв нийтлэг валют ашиглаж эхлэх бол Орос, Иран зэрэг орнууд барууны хориг арга хэмжээг тойрох боломжтой болох юм. Гэхдээ "BRICS"-ийн орнуудын эдийн засаг, геополитикийн ялгаатай байдлаас шалтгаалан шинэ валют бий болох магадлал маш бага. Мөн эвслийн хүрээллийг тэлэх  нь 2022 онд Украиныг түрэмгийлснээс болж барууны хоригт орсон Орост ашигтай аж. Учир нь тухайн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн ашигтай байдлыг олгоно. Мөн энэ жилээс эхлэн Орос улс "BRICS"-ийн бүлгийг ээлжлэн даргалах болсон.
Трамп өмнө нь Мексик, Канад, Хятадын импортод ногдох татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Үүний хүрээнд "BRICS"-ын орнуудад анхааруулга өгч байна. Дашрамд дурдахад,  Трампийн татвар нэмэгдүүлэх мэдэгдлийн дараа Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум түүнтэй холбогдож, асуудлыг хөнгөвчлөх талаар ярилцсан байна. Хэдийгээр уг асуудлын талаар зөрчилдөөнтэй байсан ч сайхан яриа өрнүүлсэн гэж Трамп болон Шейнбаум нар мэдэгдсэн байдаг. Энэ хооронд Канадын ерөнхий сайд Жастин Трюдо удахгүй тангаргаа өргөх Трамптай уулзахаар Флоридад байдаг түүний Мар-а-Лаго эдлэнд очжээ. Трюдо мөн адил татварын талаар ярилцахаар очсон бөгөөд удирдагч нар Баасан гаригийн орой оройн зоог барьж, маш үр дүнтэй ярилцсан талаар албаны хүмүүс мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

01 Dec, 23:51


Авлигын эсрэг хүчтэй тэмцэх шаардлагатай орнуудад Монгол багтжээ
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас "OECD" саяхан нийтэлсэн судалгаанд Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Узбекистаны авлигын түвшин өндөр байгаа тул үүнийг шийдвэрлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Тодруулбал, эдгээр таван улс орны дийлэнх нь авлигатай тэмцэх стратеги баримталж байгааг тайлангаас харж болно. Монгол, Тажикстан, Узбекистаны хувьд засгийн газрын худалдан авалт, зардлыг ил тод байлгах арга хэмжээ авсан бол Казахстан улс бизнесийн шударга байдлыг сайжруулах арга хэмжээ авч байна гэж судалгаанд дурдсан байна.
 Түүнчлэн, Монгол Улс шүүх эрх мэдлийг олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэх ажил хийсэн.
Гэсэн хэдий ч эдгээр улс орнуудад авлигатай тэмцэх ерөнхий ахиц дэвшил хязгаарлагдмал, зогсонги байдалд байгаа бөгөөд Киргиз зэрэг зарим улс хэд хэдэн байр ухарсан байна. Мөн ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгөө ил тод байлгах зохицуулалт дутмаг бөгөөд энэ тал дээр хэрэгжих ёстой хууль дүрэм ямар ч үр дүнг үзүүлдэггүй. Жишээ нь Казахстанд хөрөнгө орлогын мэдүүлгийн систем нь татварын тайлантай холбоотой байдаг боловч энэ нь авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил, хууль бусаар хөрөнгөжсөн байдлыг илрүүлэх зорилгод хүрч чадахгүй байна. Узбекистан улс саяхан энэ чиглэлээр хууль баталсан тул үр нөлөөг цаашид үнэлэх хэрэгтэй.
Монгол Улсын хувьд хөрөнгө орлогын мэдүүлгийн тогтолцоог нэвтрүүлсэн боловч энэ нь хуваагдмал, ил тод биш байгаа нь олон нийтийн хяналт тавих эрхийг хязгаарлаж байна.
Эдгээр улс орнууд нь шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль эрх зүйн болон институтийн тогтолцоог хараахан нэвтрүүлээгүй байна. Иргэнээ хамгаалдаг, нийгэмд шудрага байдлыг дэмждэг бүс нутгуудын авлигын эсрэг хүчин чармайлт өндөр байдаг бөгөөд тухайн таван оронд авлигын талаар мэдүүлсэн шүгэл үлээгчид хохирдог болохыг үзүүлэлтүүд харуулжээ. Түүнчлэн, авлигын гэмт хэргийг шийдвэрлэх түвшин нь судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулахад дунджаас доод түвшинд байна. Зөвхөн Монгол Улс л авлигын гэмт хэрэгт холбогдсон хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр олон улсын жишигт нийцдэггүй аж. Тиймээс эдгээр таван улс авлигын гэмт хэргийг шийдвэрлэх үйл явцыг эрчимжүүлэн, өндөр түвшний авлигатай тэмцэхийн тулд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллагуудын хараат бус байдлыг тодорхой хэмжээнд чангатгах шаардлагатай байна гэж нийтэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: OECD.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

01 Dec, 05:36


Орос улс шатахуун экспортын хоригоо цуцалжээ
ОХУ-ын засгийн газар үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг шатахууны экспортыг гаднын оронд борлуулахгүй байх хоригийг түр хугацаанд цуцалж буйгаа мэдэгдлээ. Харин бие даасан шатахуун экспортлогч компани болон дахин борлуулагч зэрэг бусад экспортлогчдод тавьсан хязгаарлалтыг 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасан байна. Шатахууны экспортод тавьсан анхны хоригийн хугацаа энэ оны сүүлээр дуусах байсан.
Уг хориг нь Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоонд байдаг улс орнууд болон шатахуун нийлүүлэх тухай засгийн газар хоорондын гэрээтэй Монгол зэрэг улсуудад хамаараагүй байдаг.
“Шатахууны дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах, газрын тос боловсруулах эдийн засгийг дэмжих, автобензиний саарал экспорттой тэмцэх зорилгоор ийм шийдвэр гаргасан” гэж мэдэгдэлд дурджээ. ОХУ-ын хамгийн том шатахуун үйлдвэрлэгчид нь Газпром нефтийн Омск боловсруулах үйлдвэр, Лукойлын Нижний Новгород дахь "NORSI" газрын тос боловсруулах үйлдвэр, Роснефтийн Рязань боловсруулах үйлдвэр юм.
Тус улс 2023 онд 43,9 сая тонн шатахуун үйлдвэрлэж, 5,76 сая тонн орчим буюу нийт үйлдвэрлэлийнхээ 13 хувийг экспортолжээ. ОХУ-ын томоохон шатахууны импортлогчид нь Африкийн Нигери, Ливи, Тунис, Арабын Нэгдсэн Эмират улсууд юм.

ЭХ СУРВАЛЖ: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

30 Nov, 02:24


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Хойд Солонгост айлчилжээ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов өчигдөр
/2024.11.29/ Хойд Солонгост айлчилжээ.Тэрбээр айлчлалын хүрээнд Хойд Солонгосын цэрэг, улс төрийн удирдагчидтай уулзсан байна. Харин удирдагч Ким Жон Унтай уулзах эсэх нь тодорхойгүй. Пёньяны нисэх буудал дээр Белоусов, Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чол нарын зэрэгцэн алхаж буй зургийг ОХУ-ын Батлан хамгаалах яам нийтэлжээ. Энэ үеэр Хойд Солонгосын цэргийн албан тушаалтнууд "Дайтаж буй Оросын ард түмнийг бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байна" гэсэн утгатай үгс бичсэн самбар доор зогссон байв.
Эдийн засагч асан Белоусов өнгөрсөн тавдугаар сард Сергей Шойгугийн оронд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон билээ.
Энэ айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзсан. Талууд Хойд Солонгос улс Украинд 10 мянга гаруй цэрэг байршуулсантай холбоотойгоор хариу арга хэмжээ авах тал дээр харилцан санал нэгдсэн билээ. ОХУ цэргийн тусламжийн хариуд Хойд Солонгост агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлсэн гэж Өмнөд Солонгос мэдэгдээд буй.
ЭХ СУРВАЛЖ: APF.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

29 Nov, 01:25


Дэлхийн түүхэнд байгаагүй их хэмжээний кокайн хурааж авчээ
Колумбын эрх баригчид олон улстай хамтран ажилласны үр дүнд зургаан долоо хоногийн хугацаанд 225 тонн хар кокайн хурааж авчээ. Энэ нь хар тамхины эсрэг нэг удаагийн үйл ажиллагааны дэлхийн дээд амжилт болоод байна. Хурааж авсан кокайны тодорхой хэсгийг хар тамхины наймааны шинэ замаар Австрали руу явж байсан зургаан нарко шумбагч онгоцноос илрүүлжээ.
Нарко шумбагч онгоц гэдэг нь 10-25 метрийн өндөртэй, 10 тонн хүртэл кокайн тээвэрлээд явахад усанд гүн сууж бараг харагддаггүй. Колумбын хар тамхины наймаачид ихэвчлэн Австрали руу ачааны хөлөг онгоцонд нуусан 5-50 кг-ыг л тээвэрлэж зүрхэлдэг аж.
Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн "Орион" ажиллагаанд 62 орны хууль сахиулах болон бусад байгууллага оролцсон байна. Үр дүнд нь 1400 тонн хар тамхи хурааж авсны 225 тонн нь кокайн, 1000 гаруй тонн нь марихуан байжээ. Мөн энэ ажиллагааны хүрээнд 400 гаруй хүнийг баривчилжээ. Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоохын тулд онгоц, нисдэг тэрэг, гатлага онгоцнуудыг дайчилсан бөгөөд хамгийн чухал нь тагнуулын мэдээлэл байсан аж.
Колумб улс 2022 онд 671 тонн кокайн хурааж авсан нь дээд амжилт байсан. Гэхдээ энэ удаагийнх нь нэг ажиллагаагаар 225 тонныг хураасан гэдгээрээ онцлог юм.
Дашрамд дурдахад, дэлхий даяар жил бүр 2700 тонн кокайн үйлдвэрлэгддэг аж.
Эх сурвалж:TheGuardian.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

28 Nov, 12:31


Ливан, Израилийн хил дагуу бүрэн гал зогсоов
Ливан, Израилийн хил дагуу өнөө өглөөний /2024.11.27/ 04:00 цагаас эхлэн гал зогслоо. Энэ нь бүрэн бөгөөд байнгын гал зогсоох хэлэлцээр юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Мягмар гаригт гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Вашингтон тусалсан гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ хэлэлцээр Израиль, Хамасын мөргөлдөөнд хамаарахгүй аж.
Байден хэлэхдээ "Өнөөдөр надад Ойрхи Дорнодоос сайхан мэдээ байна. Би дөнгөж сая Израиль, Ливаны ерөнхий сайд нартай ярилцлаа. Израиль, Хезболлагийн хооронд гал зогсоох АНУ-ын саналыг тус улсын засгийн газрууд хүлээн авсныг мэдэгдэхэд таатай байна. Энэ хүртэл хамтран ажилласан Францын ерөнхийлөгч Эммануэль Макронд талархал илэрхийлье. Энэ шийдвэр нь дайсагналыг бүрмөсөн зогсоох зорилготой" гэжээ.
Ирэх 60 хоногийн хугацаанд Израиль цэргээ аажмаар эргүүлэн татах болно. Харин Хезболла өөрсдийн зэвсэгч хүчин болон хүнд зэвсгээ хилээс 30 гаруй км зайд байрлах Литани гол руу татах төлөвтэй байна.
Хэрвээ Хезболла хэлэлцээрийг зөрчиж, заналхийлбэл Израиль өөрийгөө хамгаалах эрхээ хадгална гэдгийг Нетаньяху хэлжээ. Тэрбээр гал зогсоох саналыг хэлэлцэхээр Израилийн аюулгүй байдлын кабинетыг хуралдуулсан байна. Энэ удаагийн мөргөлдөөнөөр Ливан улс 1990 оны иргэний дайнаас хойш хамгийн олон хүнээ алдсан. Тиймээс энэхүү гал зогсоох хэлэлцээр нь хамгийн хор хөнөөлтэй дайныг дуусгаж байна.
Хэлэлцээрийн дагуу Ливаны хүчин болон НҮБ-ын энхийг сахиулагчид гэрээний нөхцлийн хэрэгжилтийг хянаж, бүс нутагт хамтарсан эргүүл хийнэ.
Эх сурвалж:CBSnews.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

23 Nov, 10:03


Путин: Орос шинэ пуужингаа үргэлжлүүлэн туршина
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт Украин руу харвасан дунд тусгалын хэт авианы баллистик пуужингийн шинэ төрлийг үргэлжлүүлэн туршина гэж мэдэгдэв. Уг пуужинг Орешник буюу англиар "hazel tree" гэж нэрлэдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар, тус пуужингийн хурд нь устгах боломжгүй болгодог аж.
Путин өчигдөр/2024.11.22/ Батлан хамгаалах яам болон холбогдох салбарын төлөөлөгчидтэй уулзав. Тэрбээр пуужингаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргэсэн байна. Мөн "Оросын нөхцөл байдал, аюулын шинж чанараас хамааран бид эдгээр туршилтуудыг байлдааны үеэр ч үргэлжлүүлнэ. Ялангуяа манайд пуужинг үйлдвэрлэх боломжтой материалын нөөц байгаа. Ийм өндөр хурдны зэвсэгтэй дэлхийн цор ганц улс бол Орос" гэж Путин уулзалтын үеэр хэлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский пуужин хөөргөснийг буруутгаж, Оросыг галзуурсан, олон улсын гэмт хэрэг үйлдэгч гэж тодорхойлжээ. Тиймээс аюулгүй байдлын албаныхан эсрэг арга хэмжээ авч эхэлсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Зеленский "Украины батлан хамгаалахын сайд манай түншүүдтэй агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем буюу хүний амь насыг шинэ эрсдэлээс хамгаалах системийн талаар аль хэдийн уулзалт хийж эхэлсэн" гэж хэлсэн байна. Мөн Путинг дайнаас айдаг болтол нь дэлхий нийт хамтран ажиллах ёстой гэж уриалжээ.
Эх сурвалж:NHK.jap.org

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

22 Nov, 12:07


"АНУ дайсагнаж буйгаа баталсан"
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун батлан хамгаалах үзэсгэлэнгийн нээлтэд зориулж үг хэлсэн байна. Тэрбээр АНУ-тай хийж байсан хэлэлцээрүүдийг дурдаж, Вашингтон үргэлж Хойд Солонгостой дайсагнасан харилцаатай байхыг илүүд үздэг гэж мэдэгджээ. Мөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр нь гаднын орнуудаас ирэх заналхийллээс хамгаалж чадах цор ганц хүчин зүйл гэж онцолсон байна.
Хойд Солонгосын Батлан хамгаалах яам Пүрэв гаригт хамгийн сүүлийн үеийн хүчирхэг зэвсгүүд, тэр дундаа АНУ-ын эх газрыг онилох зориулалттай тив хоорондын баллистик пуужин, их бууны систем болон нисгэгчгүй онгоцоо танилцуулах үзэсгэлэн зохион байгуулсан.
Ким Жон Ун уг арга хэмжээ болохоос долоо хоногийн өмнө батлан хамгаалах албан тушаалтнуудтай уулзаж, цөмийн хөтөлбөрөө ямар ч хязгааргүйгээр өргөжүүлэх амлалт өгсөн байна.
Тэрбээр мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр АНУ-ыг буруутгасан утга бүхий зүйлс ярьж байсан ч шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампийн нэрийг дурдаагүй ажээ. Дашрамд дурдахад, Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Ким Жон Унтай 2018, 2019 онд буюу гурван удаа дээд хэмжээний уулзалт хийж байв. Тухайн үед Вашингтоны эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох санал тавьж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байдаг. Үүний дараа, Дональд Трамп сонгуульд ялагдаж, шинэ засаг захиргаа Хойд Солонгост эдийн засгийн хориг тавьсан.Нээлтийн үеэр Ким Жон Ун бүтэлгүйтсэн хэлэлцүүлгийг дурдсан нь ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон хүний тухай байсан гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр хэлэхдээ " Бид АНУ-тай ойлголцож, хэлэлцээр хийх гэж маш урт хугацааг зарцуулж байсан. Эцсийн дүндээ тус улс хамтран оршин тогтнох бус хүчээр дарангуйлж, Хойд Солонгосыг түрэмгийлэх хүсэлтэй байгааг мэдэж авлаа" гэсэн юм. Түүнчлэн АНУ холбоотон орнуудтайгаа цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар стратегийн цохилт өгөх хэрэгслээ Хойд Солонгосын хилийн ойролцоо байршуулж, дарамт учруулах гэж оролдож байна гэж буруутгажээ. Тиймээс цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах цорын ганц аргаа хүчирхэгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
Уг цөмийн хөтөлбөр нь Өмнөд Солонгос, Япон руу чиглэсэн төрөл бүрийн цөмийн зэвсгийг бүтээх тухай юм.Мөн АНУ-ын эх газарт хүрэхүйц чадалтай пуужин багтдаг. Шинжээчдийн үзэж буйгаар, Ким Жон Ун цөмийн зэвсгээ өргөжүүлснээр АНУ-д цөмийн гүрэн гэдгээ батлан харуулах зорилготой. Мөн эдийн засаг, аюулгүй байдлын тал дээр Вашингтоныг буулт хийлгэх хүчтэй санаа өвөртөлж байна. Сүүлийн саруудад Ким Жон Ун төлөөлөгчөө Орос руу удаа дараа илгээсэн бөгөөд цэргийн хамтын ажиллагааг гадаад бодлогын гол анхаарах сэдэв болгоод байна. Тэрбээр ерөнхийлөгч Путины барууны орнуудтай хийж буй өргөн хүрээний дайнд туслалцаа үзүүлж, шинэ хүйтэн дайн гарч буйг хүлээн зөвшөөрч буй.
Вашингтоны эрх баригчид Хойд Солонгосыг Орос руу олон тооны цэргийн албан хаагч, зэвсэг илгээж байгааг буруутгасан бөгөөд үүний хариуд Москвагаас цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэгтэй материал авч байна гэж мэдэгдсэн байдаг. Үүний дагуу Ким Жон Ун албан ёсоор АНУ-ыг дайсагнагч орон гэж үзэж буйгаа мэдэгдсэн бололтой.
Эх сурвалж:Associatedpress.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

21 Nov, 15:20


Хойд Солонгос хамгийн хүчирхэг 2 системээ ОХУ-д илгээжээ
Хойд Солонгосын "Коксан" 170 мм-ийн өөрөө явагч гаубицуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдсэн. Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлснээр Умардаас ОХУ-д 170 мм-ийн пуужин хөөргөх системийг 240 мм-ийн олон пуужин хөөргөх системтийн хамтаар шилжүүлжээ. Эдгээр нь Хойд Солонгосын эзэмшдэг хамгийн хүчирхэг хоёр систем юм.
"Коксан" өөрөө явагч гаубицын ажиллагааны цар хүрээ нь 60 км бөгөөд эхний ээлжинд нэг минутад дөрвөн удаа, дараа нь гурван минут тутамд нэг удаа буудах боломжтой.
Пёньяны зэвсэглэлд олон зуун "Коксан" бий. Анхны "Коксан" 1978 онд, дараагийн шинэ хувилбар нь 1989 онд гарч ирсэн. Энэ нь Хойд Солонгосын зэвсэглэлд байгаа хамгийн хол тусгалтай пуужингийн бус их бууны систем юм.
Хойд Солонгосын зэвсэглэл нь ихэвчлэн хуучин технологид суурилсан боловч найдвартай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ давуу талтай. Украин дахь дайныг нисгэгчгүй онгоц болон бусад шинэлэг зүйлээр тодорхойлж байгаа ч их буунууд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Эх сурвалж:Insider.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

19 Nov, 23:46


Газын зурваст хүрэх хүнс ачсан 97 машиныг дээрэмджээ
Газын зурваст хүрэх хүнс ачиж явсан НҮБ-ын 109 ачааны машины 97 нь дээрмийн бай болжээ. Тодруулбал, ачааны машинууд Израилийн хяналтад байдаг Керем Шалом боомтоор дайран өнгөрөх үед буутай этгээдүүд тэднийг зогсоож, ачаагаа буулгахыг шаардсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр маск зүүсэн эрчүүд цуваа руу дайрч, гранат шиджээ.
Тусламжийн машинд халдсан 20 гаруй этгээдийг устгасан гэж Газа дахь Хамасын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Гэмт этгээдүүд хэн болохыг хараахан мэдээлээгүй байна. Гэхдээ НҮБ-ын тусламжийн агентлагийн комиссар генерал Филипп Лаззаринигийн хэлснээр Газад дэг журам бүхэлдээ алдагдсан учир үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Израилийн арми Газын зурвасын хойд хэсэгт хуурай замын довтолгоогоо өргөжүүлснээр бүс нутагт тусламжийн ачааны машин нэвтрэх нь цөөрсөн. Тухайлбал, өнгөрсөн сард урьд өмнө байгаагүй цөөн машин Газад нэвтэрчээ. Тиймээс нутгийн хойд хэсэгт өлсгөлөн нүүрлэх өндөр магадлалтай байгааг холбогдох байгууллагууд анхааруулж буй.
Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс хоол хүнсний тусламж ирсэн гэж бодож Хан Юнис дахь НҮБ-ын тусламжийн агентлагийн байр руу дайрч оржээ. Гэвч ачааны машинуудыг дээрэмдсэн учир агуулахад авах зүйл юу ч байгаагүй аж. "Израилийн эрх баригчид хүн амын үндсэн хэрэгцээг хангах, тусламжийг аюулгүй хүргэхийг хөнгөвчлөх олон улсын хуулиар хүлээсэн хууль ёсны үүргээ үл тоомсорлосон хэвээр байна" гэж НҮБ-ын тусламжийн агентлаг мэдэгджээ.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

19 Nov, 13:45


Далай доорх кабель тасалдсанд Оросыг буруутгаж байна
Герман, Финлянд улсуудыг холбосон усан доорх харилцаа холбооны "C-Lion"  кабель тасалджээ. Ямар учир шалтгааны улмаас гэмтэл гарч, холболт тасарсан нь тодорхойгүй байгаа ч Орос улс холбоотой байж магадгүй гэж эрх баригчид таамаглаж байна. Тус кабелийн үйл ажиллагааг хянадаг "Cina" компанийн мэдээлснээр кабель далай доор тасарч, гэмтэл гарсан эсэхийг судалтаар ажиллаж байна. Түүнчлэн Литва, Шведийн хоорондох холбооны кабель орон нутгийн цагаар Ням гаригийн өглөөний 10:00 цагийн орчимд тасарсан тухай "Telia Lithuania" харилцаа холбооны компанийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Тэрбээр "Интернэтийн урсгал тасалдсан нь тоног төхөөрөмжийн эвдрэлээс биш, харин далай доорх шилэн кабельд гэмтэл учирсантай холбоотой" гэжээ.
Герман, Финляндын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж "Европын аюулгүй байдал Оросын түрэмгийлэлд өртөөд байна. Украины адил хорлонтой этгээдүүдийн ядуулж буй эрлийз дайны аюулд ороод байна" гэжээ.  "C-Lion"  кабель нь 1200 километр үргэлжилдэг бөгөөд Литва, Шведийн холбодог кабелиас 100 километрийн зайд оршдог байна.
Уг хоёр кабель нэг өдрийн дотор зэрэг тасалдсан нь эрх баригчдын санааг зовоож буй.
Финлянд, Эстонийг холбосон байгалийн хийн хоолойд 2023 оны аравдугаар сард ноцтой гэмтэл гарч байсан. Дараа нь Финляндын албаны хүмүүс Хятадын чингэлэг хөлөг онгоц зангуугаа чирснээс болж гэмтсэн болохыг тогтоосон юм. Мөн 2022 онд Орос, Герман хоёрыг холбосон Хойд урсгалын хийн хоолой дэлбэрсэн бөгөөд одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Сүүлийн жилүүдэд улс, орныг холбосон хоолой, сүлжээ дамжуулах кабелиудад асуудал гарч байгаа нь Украин, Орос болон АНУ-тай холбоотой гэх цуу яриа гарах болсон юм.
"Cinia"-ийн  хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Ийм төрлийн асуудал нь усан доор гаднын нөлөөгүйгээр гарах боломжгүй" гэжээ.
Финляндын засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Самули Бергстром хэлэхдээ "Бусад кабелиуд байгаа учир C-Lion тасалдсан ч интернэт холболтод саад учруулаагүй" гэсэн байна.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

18 Nov, 11:25


"Их-20"-ийн удирдагчид ямар асуудал хөндөв?
Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид ядуурал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлаар хэлэлцэж байна. Бразилын Рио-де-Жанейро хотноо Даваа гаригт "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын удирдагч Ши Жиньпин нар оролцож байна. Перугийн нийслэл Лимад болсон "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр эдгээр төрийн тэргүүн нар мөн адил уулзсан бөгөөд Жо Байден, Ши Жиньпин нар тусдаа уулзалт зохион байгуулсан юм.
Удирдагчид өлсгөлөн, ядуурлыг арилгах арга хэмжээг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар санал солилцоно.
Хөгжиж буй болон шинээр гарч ирж буй улс орнууд олон жилийн турш эдгээр сорилттой тулгарсан. Дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Бямба гаригт "Амазон юу хүсч байгааг дэлхий нийтэд хэлэх цаг болсон" гэж мэдэгдэж, олон нийтэд удирдан зохион байгуулах үүрэг хүлээснээ зарласан юм. Мөн тэрбээр ойг хамгаалахад баян орнууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
"Их-20"-ийн удирдагчид ядуурал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал дээр өөр өөр байр суурьтай байсан ч санал нэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх гарц хайж магадгүй гэж олон нийт найдаж буй. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Дональд Трмапийг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хоёр сарын өмнө болж байна. Түүнийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаас илүү хоёр талын хэлэлцээрүүдэд илүү анхаардаг гэж ажиглагчид үздэг байна.
Эх сурвалж:NHK.org.jp

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

17 Nov, 11:39


Ши Жиньпин АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амлав
Хятадын удирдагч Ши Жиньпин ирэх оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Дональд Трамптай хамтран ажиллах амлалт өгсөн байна. Перуд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Жо Байден нар уулзжээ. Хоёр орны удирдагчид Бямба гаригт тусдаа уулзалт хийсэн бөгөөд энэ хүрээнд Жо Байден ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа Ши Жиньпинтэй уулзсан. Эх сурвалжийн мэдээлснээр,Жо Байден өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр орны харилцаанд уруудаж, өгссөн олон зүйлс болсныг онцолжээ. Мөн олон улсын худалдаа, Тайванийн асуудал дээр санал сэтгэгдлээ солилцсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трамп ирэх оноос эхлэн Хятадын импортод өндөр татвар ногдуулна гэж амлаж байсан тул үүнээс өмнө Жо Байден тус улстай энхийн харилцаа тогтоох алхмуудыг хийж байна.
Уулзалт Лима зочид буудалд болсон бөгөөд Хятадын удирдагч Ши Жиньпин Вашингтонтой харилцах харилцаа өөрчлөгдөхгүй, тогтвортой байх болно гэж мэдэгджээ. Тэрбээр "Хятад улс шинээр сонгогдсон засаг захиргаатай хамтран ажиллаж, олон талын үйл ажиллагаагаа өргөжүүлж чадна" гэж хэлсэн байна. Байден мөн дэлхийн хамгийн том хоёр орны хооронд стратегийн өрсөлдөөн байж болохгүй гэж онцолжээ. Тэрбээр "Манай хоёр улс өрсөлдөөн, зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид тайван харилцаатай байх боломжтой гэдгийг нотолсон гэж би бодож байна" гэсэн юм.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

16 Nov, 07:23


Ким Жон Ун амиа золиослогч дроныг олноор үйлдвэрлэхийг тушаав
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пүрэв гаригт нисгэгчгүй нисэх технологийн цогцолборын харьяа хүрээлэн болон холбогдох компаниудын үйлдвэрлэсэн амиа золиослогч дронуудын туршилтын талаар газар дээр нь зааварчилгаа өгчээ. Тэрбээр амиа золиослогч дроны гүйцэтгэлийн туршилтад хяналт тавьж, бөөнөөр нь үйлдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
"Өөр өөр цохилтын зайд ашиглах амиа золиослогч дронууд нь газар болон далай дахь дайсны объектууд руу алдалгүй довтлох зорилготой" гэж "KCNA" агентлаг мэдээлжээ.
Тэдгээр дроныг туршиж үзэхэд урьдчилан тогтоосон тактикийн янз бүрийн маршрутаар ниссэнийхээ дараа зорилтыг нарийвчлан онож чаджээ. Тиймээс Ким Жон Ун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр "Дроныг цэргийн хүчин чадлын гол хэрэгсэл болгон ашиглах өрсөлдөөн дэлхий дахинд хурдацтай явагдаж байна. Хойд Солонгос улс төрөл бүрийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж, нэвтрүүлэх бүрэн боломж, чадавхитай. Мөн орчин үеийн байлдааны шаардлагад нийцүүлэн шинэ, ирээдүйтэй тактикийг хослуулан хэрэглэх боломжийг эрэлхийлнэ. Солонгосын Хөдөлмөрийн нам сүүлийн үед нисгэгчгүй цэргийн техник хангамжийн системийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй төгс хослуулах чиглэлд чухал ач холбогдол өгч байна. Аль болох эртхэн үйлдвэрлэлийн системээ бий болгож, бүрэн хэмжээний масс үйлдвэрлэлд шилжих шаардлагатай байна" гэжээ.
Эх сурвалж:Yonhap.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

15 Nov, 09:02


Гүнж Микаса таалал төгсчээ
Японы эзэн хааны гэр бүлийн хамгийн ахмад настай Микаса гүнж өнөөдөр /2024.11.15/ өглөө 101 насандаа таалал төгссөн байна. Тэрээр талийгаач эзэн хаан Шоуагийн төрсөн дүү ханхүү Микасагийн эхнэр байсан гэж тус улсын эзэн хааны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Гүнж Микаса гуравдугаар сарын 3-нд цус харвалт, уушгины хатгалгаа гэх оношоор Гэгээн Лукийн олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тэрээр анх эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч баруун гар, хөлийнх нь хөдөлгөөн мэдэгдэхүйц сайжирч, уушгины хатгалгаа нь эдгэрэх шатандаа орсон гэж эмч нар дүгнэсний үндсэн дээр хувийн өрөөнд шилжсэн байжээ.
Гэвч есдүгээр сард бие нь дахин муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Эзэн хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Гүнж Микасагийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа удаан хугацаанд бага багаар муудаж байсан. Эмч нар чадах бүх эмчилгээг хийсэн ч эрхтнүүдийн үйл ажиллагаа улам дордож, таалал төгссөн байна.  Тэрээр 2016 онд таалал төгссөн ханхүү Микасатай 76 жилийн турш ханилсан.
Гүнж Микаса 19 дүгээр зууны сүүлчээр эхэлсэн Мэйжигийн эрин үеэс хойших эзэн хааны гэр бүлийн гишүүдийн хамгийн өндөр настан байсан юм.
Эх сурвалж: NHK.or.jap

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

14 Nov, 06:58


Байден, Ши Жиньпин нар уулзана
Перуд болох олон улсын уулзалтын үеэр ерөнхийлөгч Жо Байден Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзана гэж АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ. Тодруулбал, Лимад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Бямба гаригт хоёр орны төрийн тэргүүн нар уулзах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Жо Байден хоёр орны цэрэг армийн холбоог сайжруулах талаар ярилцаж магадгүй байна.
Мөн Тайванийн хоолойгоор дамжуулан энх тайван, аюулгүй байдлыг хадгалахыг чухалчилж, Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаанд санаа зовж буйгаа илэрхийлэх бололтой.
Сүүлийн жилүүдэд АНУ-д фентанил хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барах тохиолдол олшрох болсон. Хятадад үйлдвэрлэгдэж, хууль бусаар АНУ-д орж ирж буй фентанилыг хамтран таслан зогсоох хүсэлт Жо Байден мөн тавьж магадгүй байна. Хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард уулзалдсанаас хойш бараг л холбоо бариагүй тул энэ удаа Жо Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэхээсээ өмнө Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаа юм.  Дональд Трамп бүрэн эрхийн хугацаандаа Хятадын импортын бараанд өндөр татвар ногдуулна гэж удаа дараа амлаж байсныг мартаж болохгүй.
Тиймээс Жо Байден ерөнхийлөгч байх сүүлийн сарууддаа хоёр орны харилцааг тогтвортой байлгахад дөхөм болох ахиц дэвшлүүдийн талаар хэлэлцэнэ гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Эх сурвалж:NHK.or.jp

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

13 Nov, 10:01


Хятадын цөмийн амбицыг тэлэх Луугийн хүч төсөл
Хятад улс томоохон байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн реакторын эх загварыг бүтээж буйг хиймэл дагуулын зураг болон тус улсын засгийн газрын баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн тогтоожээ. Энэ нь Хятадын анхны цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэл урагштай байгаагийн тод илрэл юм.
Хятадын Тэнгисийн цэргийн хүчин тоон үзүүлэлтээрээ хэдийнэ дэлхийд тэргүүлээд буй. Цөмийн цэнэгтэй тээвэрлэгчдийг флотдоо нэмэх нь тэдний хувьд томоохон алхам болно. Энэ дэвшил нь Хятадыг тэнгисийн цэргийн хүчин чадлаараа нэгдүгээрт ордог гүрнүүдийн онцгой эгнээнд оруулна гэдгийг Вашингтон дахь Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ахлах ажилтан Тонг Жао хэлжээ. Цаашилбал, дотоодын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, үндэсний нэр хүндийг өсгөх ач холбогдолтой.
Калифорнийн Миддлбери олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаачид Сычуань мужийн Лешань орчмын уулархаг нутгийг судалж байхдаа Хятадыг зэвсгийн зориулалттай плутони эсвэл тритиум үйлдвэрлэх реактор барьж байна гэж сэжиглэжээ. Эцэст нь үүнийг томоохон байлдааны хөлөг онгоцны анхны реакторын бүтээн байгуулалт гэж дүгнэсэн юм.
Лешань дахь төслийг Лонгвэй буюу Луугийн хүч гэж нэрлэдэг. Харин албан баримт бичигт Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төсөл гэж нэрлэжээ.
Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна гэсэн цуу яриа эртнээс гараад байгаа ч Миддлберигийн багийн хийсэн судалгаагаар байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн хөдөлгүүртэй хөдөлгүүрийн систем бүтээхээр ажиллаж байгаа нь батлагдав. "Лешань дахь реакторын прототип нь Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээж байгаагийн анхны баттай нотолгоо юм" гэж Миддберигийн профессор, төслийн судлаачдын нэг Жеффри Льюис хэллээ.
Хиймэл дагуулын зураг, төслийн тендер, боловсон хүчний файл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа зэргээс гадна барилгын явцын дуу чимээ, хэт их тоосжилтын талаарх иргэдийн гомдол зэргийг үндэслэн тэнгисийн цэргийн хөдөлгүүрийн туршилтын реактор барьж байна гэж дүгнэжээ.Удахгүй ашиглалтад орох тус реактор нь 999 дүгээр бааз гэгддэг талбайд баригдсан шинэ байгууламжид байрлаж байна. Тус байгууламжид ажиллаж байгаа, ашиглалтаас гарсан, баригдаж байгаа гээд өөр зургаан реакторыг байрлуулсан байна. 999 дүгээр бааз нь реакторын инженерийн судалгаа, туршилт хийх үүрэгтэй Хятадын Үндэсний цөмийн корпорацийн охин компани болох Хятадын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн хяналтад байдаг.
Тээгч хөлөг бүтээх ажлыг хариуцдаг Хятадын 701 дүгээр хүрээлэн буюу Хятадын хөлөг онгоц судалгаа, дизайны төв нь Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төслийн хүрээнд реакторын тоног төхөөрөмжийг худалдан авсан болохыг баримт бичгээр нотолжээ. Мөн 2020-2023 он хүртэлх хиймэл дагуулын зургуудыг харвал бүс нутаг дахь байшингуудыг нурааж, реакторын талбайтай холбогдсон ус татах дэд бүтцийг барьж байжээ.
Байгаль орчны нөлөөллийн тайланд Лонгвэй төслийг "нууц" ангилалд багтаажээ. Мөн "үндэсний батлан хамгаалахтай холбоотой барилгын төсөл" гэж нэрлэсэн байна.
Нээлттэй цөмийн сүлжээний ахлах шинжээч Сара Ладерман Миддлберигийн судалгаанд оролцоогүй боловч судалгааны үр дүнтэй сайтар танилцжээ. Тэрбээр "Энд танилцуулсан нотлох баримтыг харгалзан үзвэл, Хятад улс энэ байршилд тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад зориулсан (нисэх онгоц тээгч байж болзошгүй) цөмийн хөдөлгүүрийн систем барихаар ажиллаж байгаа бололтой" гэжээ.
Хятадын анхны тээвэрлэгч хөлөг онгоц 2012 онд ашиглалтад орж байв. Энэ нь загварыг нь өөрчилсөн Зөвлөлтийн хөлөг байжээ. Хоёр дахь хөлгийг мөн л Зөвлөлтийн загварт суурилсан боловч Хятадад бүтээсэн байна. Ляонин болон Шаньдун нэртэй хоёр хөлөг нь онгоц хөөрөхөд туслах богино зурвасын төгсгөлд налуу загвартай буюу "цанаар харайх" төрлийн хөөргөх аргыг ашигладаг. Харин гурав дахь тээвэрлэгч Фужиан 003 хөлөг 2022 онд ашиглалтад орсон бөгөөд анхны загвараар бүтээгджээ. Энэ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ашигладаг цахилгаан соронзон төрлийн хөөргөх системийг ашигладаг. Гурван тээвэрлэгч хөлөг нь ердийн эрчим хүчээр ажилладаг.

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

13 Nov, 10:01


Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний улс төрийн комиссар Юан Хуажи өнгөрсөн гуравдугаар сард дөрөв дэх хөлөг онгоцыг бүтээж байгааг баталсан юм. Дөрөв дэх хөлгийг цөмийн эрчим хүчээр ажилладаг эсэхийг түүнээс асуухад тэр удахгүй зарлана гэж хариулсан ч одоог хүртэл тодорхой болсон зүйлгүй байна.
Хятадыг нэг дор хоёр шинэ тээвэрлэгч үйлдвэрлэж магадгүй гэсэн таамаг ч байдаг.
Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Хятадын эрчим хүчний төслийн ахлах ажилтан Мэтью Фунайоле хэлэхдээ, "Хятадын дараагийн тээвэрлэгчийг цөмийн эрчим хүчтэй байна гэдэгт эргэлзэж байна. Үүний оронд Фужиан хөлөг онгоцны загварыг илүү сайжруулна гэж таамаглаж байна" гэв.
Тээвэрлэгч хөлөг онгоцыг бүтээж, ашиглалтад оруулахад хэдэн жил шаардагдах боловч дараагийн үеийн байлдааны хөлөг онгоцнууддаа цөмийн хөдөлгүүрийг хөгжүүлснээр Хятадын Тэнгисийн цэргийн хүчин цахилгаан соронзон хөөргөгч, радар, шинэ технологийн зэвсэг зэрэг дэвшилтэт системийг ашиглах боломжтой болно. Цөмийн эрчим хүч нь хөлөг онгоцыг тогтмол цэнэглэх хэрэгцээг арилгахын зэрэгцээ түлш, зэвсэг хадгалах орон зайг бий болгох юм. Мөн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай.
Цаашилбал, цөмийн хүчин чадалтай тээвэрлэгч нь Хятадын үйл ажиллагааг Номхон далайн баруун хэсэгт гүнзгийрүүлэн өргөжүүлнэ.
Дашрамд дурдахад, Хятадын дарга Ши Жиньпин нэгдүгээр зэрэглэлийн тэнгисийн цэргийн флотыг байгуулж, далайн гүрэн болохыг батлан хамгаалахын албаныханд үүрэг болгосон билээ. Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин одоогоор 370 гаруй хөлөг онгоц, шумбагч онгоцтой дэлхийн хамгийн том флотод тооцогддог. Мөн хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ толгой цохьдог. Хятадын усан онгоцны үйлдвэрүүд жил бүр олон 100 хөлөг онгоц үйлдвэрлэсээр байна. АНУ нь Хятадаас тав дахин цөөн тооны хөлөг онгоц үйлдвэрлэж байна. Гэсэн ч АНУ-аас хоцорч буй өөр олон үзүүлэлт бий.
АНУ одоогоор цөмийн эрчим хүчээр ажилладаг 11 тээвэрлэгчтэй. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хүчээ тараан байршуулах боломжийг АНУ-д олгодог ажээ.
Эх сурвалж:CBS.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

12 Nov, 13:24


Биткойны ханш 90 мянган долларт хүрэхэд ойрхон байна
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп дижитал хөрөнгийн зах зээлд ээлтэй бодлого баримталж магадгүй байгаа нь биткойны ханшийн өсөлтөд огцом нөлөөлж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Конгресст криптовалютыг дэмждэг хууль тогтоогчид нэгдэх хүлээлттэй буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарснаас хойш "Bitcoin"-ийн ханш 30 гаруй хувиар өсөж, бараг өдөр бүр шинэ дээд түвшинд хүрсэн. ro "Metafide"-ийн Гүйцэтгэх захирал "Bloomberg"-т ярилцлага өгөх үедээ "Bitcoin"- ийн ханш "Бух" буюу өсөлттэй зах зээлд шилжсэн, үнэ нь ирэх оны эцсээр 150 мянган ам.доллар хүрэх боломжтой байна гэж онцолжээ. "Reuters" агентлагийн мэдээлснээр, Мягмар гарагт биткойны ханш ойролцоогоор 90 мянган ам долларт хүрсэн байна. ДИЖИТА Сидней дэх "ATFX Глобал" компанийн зах зээлийн ахлах шинжээч Ник Твидейл хэлэхдээ "Мэдээж Трамп энэ салбарыг маш их дэмжиж байгаа бөгөөд энэ нь зевхен криптовалютын хувьцаа төдийгүй мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлнэ" гэжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дижитал хөрөнгийг "хүлээн зөвшөөрч", АНУ-ыг "дэлхийн крипто нийслэл" болгож, биткойны үндэсний нөөцийг хуримтлуулахаа амалсан байна. Эх сурвалж: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

11 Nov, 09:48


ЯПОНЧУУД ӨНӨӨДӨР ДАХИН ЕРӨНХИЙ САЙДАА СОНГОНО
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал хураалтаас өмнө огцорлоо. Танхимын сайд нар өнөө өглөө засгийн газрын хуралдаан дээр огцрох өргөдлөө бөөнөөр нь өргөн мэдүүлэв.
Японы бүх нийтийн сонгууль аравдугаар сарын 27-нд болж, Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа хүчирхэг доод танхим дахь парламентын олонх байдлаа алдсан билээ. Тиймээс тус улсын дараагийн ерөнхий сайдыг сонгох санал хураалт өнөөдөр дахин болох гэж байна. Энэ санал хураалтад Либерал ардчилсан намаас Шигэрү Ишиба, сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намын дарга Ёшихико Нода нар өрсөлдөх төлөвтэй байна.
Бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам олонх болоогүй ч гэлээ өнөөдрийн санал хураалтаар Ишиба дахин ялах магадлал өндөр. Ишиба ерөнхий сайд болвол танхимаа дахин бүрдүүлж, зарим шинэ сайдыг бүрэлдэхүүндээ нэмэх төлөвтэй байна.
Эх сурвалж:Chinadaily.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

10 Nov, 10:37


Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дотоодын улс төр, дайны хүчин чармайлтаас улбаалан Батлан хамгаалахын сайд Йоав Галлантыг огцрууллаа. Ерөнхий сайд Мягмар гаригт мэдэгдэл гаргаж, "Батлан хамгаалахын сайд бидний хоорондын итгэлцэл тасарсан" гэж мэдэгджээ.
Гадаад хэргийн сайд Израиль Кац Батлан хамгаалахын сайдаар ажиллах болжээ. Харин Гадаад хэргийн сайдаар Гидеон Саар томилогдсон байна. Энэ хүмүүсийн аль нь ч цэргийн арвин туршлагагүй. Галлантын хувьд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй өдөр бүр харилцаж, найзын харилцаатай байсан. Гэвч АНУ-ын шинэ парламент сонгогдсоны дараа Израилийн тус улстай харилцах харилцаа өөрчлөгдөх тул үүнийг дөрөөлөн Нетаньяху Галлантыг огцруулсан ч байж магадгүй юм.
Галлант уг шийдвэрийн талаар хэлэхдээ, "Израилийн аюулгүй байдлыг хангах нь миний насан туршийн эрхэм зорилго байсаар ирсэн, байх ч болно" гэж "X" хуудсанд нийтэлжээ. Мөн огцрох болсон шалтгаан нь хэт үнэн алдартны цэргийн алба хаах асуудал, Газад барьцаалагдсан хүмүүсийг орхих, аравдугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн халдлагын талаар маргалдсанаас улбаатай гэж тайлбарласан байна. Мөн "Барьцаалагдсан хүмүүсийг орхихыг зөвшөөрөхгүй. Энэ нь буруу замаар явж буй хүмүүсийн хувьд Каины тэмдэг байх болно" гэсэн байна. Нетаньяхугийн хувьд Галланттай маргаанаа шийдвэрлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн гэсэн аж.
Эр сурвалж:CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

09 Nov, 12:20


АНУ: Сомалийн 1.14 тэрбум өрийг тэглэв
Сомали улсын 1.1 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдлийг АНУ цуцлах болсон байна. Энэ нь Сомалийн үлдсэн нийт өрийн дөрөвний нэг орчим хувь юм. Тус улсын өрийн дийлэнх хэсэг нь 1990-ээд оны эхээр нуран унасан Сиад Баррегийн цэргийн дарангуйллын үед хуримтлагдаж, гучин жилийн иргэний дайныг өдөөсөн. Тиймдээ ч Сомали улсын ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд "Төрийн уналтын хүнд хэцүү, удаан үргэлжилсэн хугацаанд төлж чадахгүй хүүгийн төлбөр хуримтлагдсан. Манай улс асар их өрөнд дарлуулж байна" гэж мэдэгдэж байжээ.
Мягмар гаригт АНУ, Сомалийн нийт 1.14 тэрбум ам.долларын өрийг тэглэх гэрээг байгуулав.
Сомалийн Сангийн сайд Бихи Эгээ "X" хуудаснаа "АНУ-ын засгийн газар, ард түмэн манай эдийн засгийн шинэчлэл, өсөлтийг гуйвшгүй дэмжиж байгаад талархал илэрхийлж байна" гэжээ. Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн яамны ерөнхий захирал Мохамед Шире “түүхэн” хэлэлцээрийг сайшааж, энэ нь Сомалийн сэргээн босгох хүчин чармайлтыг сайжруулна гэсэн байна. Мөн засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих албан ёсны албаны дарга Мохамед Дубо "X" дээр "Сомали гинжнээс мултарч, ирээдүйгээ угтах боллоо" гэв.
Олон улсын валютын сангийн тоо баримтаас үзвэл, АНУ нь Сомалийн хамгийн том зээлдүүлэгч юм. Сомали 2018 онд өрийг бууруулах хүчин чармайлтаа эхлэхээс өмнө тус улсын өрийн тавны нэг орчим хувийг АНУ эзэмшиж байжээ.
Эх сурвалж:Guardian.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

08 Nov, 10:43


Путин АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг жинхэнэ эр хүн гэв
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Пүрэв гаригт Сочи хотноо Валдай хэлэлцүүлэгт оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трампад баяр хүргэв. Мөн Орос улс Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ.
Трампийн сонгуулийн кампанит ажлын үеэр буутай этгээд түүний аминд халдахыг завдсан билээ. Энэ тухай Путин дурсаад, Трампийг жинхэнэ эр хүн шиг байсан гэж магтжээ. "Миний бодлоор тэр жинхэнэ эр хүн шиг загнасан. Би энэ завшааныг ашиглаад түүнд баяр хүргэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үймээн самуунтай кампанит ажлын үеэр Трампийг бүх талаас нь л хэмлэсэн. Гэхдээ Орос, Украины харилцааны талаар түүний хэлсэн үгэнд анхаарал хандуулах ёстой" гэж Путин хэлжээ.
Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украин дахь дайныг 24 цагийн дотор л зогсооно гэж амласан билээ. Энэ амлалтын талаар Путин хэлэхдээ "Одоо юу болох талаар надад мэдэх юм алга. Ямар ч сэжүүр алга" гэжээ. Ямартай ч Путин түүний хэлсэн үгийг санаж байгаа гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт онцолжээ.
Камала Харрис нэгэнтээ "Путин өдрийн зоогондоо Путиныг идчих биз" гэж хэлсэн удаатай. Энэ талаар асуухад Песков инээгээд "Путин хүн иддэггүй" гэжээ.
Энх тайвныг тогтоохын тулд Украин төвийг сахьсан байх ёстой гэж Путин үзэж байна. "Украины хил Оросын эзэмшлийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн хүсэлд нийцэх ёстой. Төвийг сахихгүй бол Орос, Украины хооронд ямар нэгэн сайн хөршийн харилцаа байна гэж төсөөлөхөд бэрх. ОХУ төвийг сахих үндсэн дээр Зөвлөлтийн дараах Украины хилийг хүлээн зөвшөөрч байсан" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж:Japantoday.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

04 Nov, 11:11


Лавров дайнаас хойш анх удаа ЕХ-ны оронд айлчилна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров арванхоёрдугаар сарын эхээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцохоор Мальтад айлчилна. Лавров Орос, Украины дайнаас хойш анх удаа Европын холбооны оронд айлчлах гэж буй нь энэ юм.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь бүх гишүүн оронд урилга илгээжээ. Бэлтгэл ажил үргэлжилж байгаа ч гэлээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд оролцох эсэхийг тодорхой мэдээлээгүй байна. Тус байгууллага нь дэлхийн хамгийн том бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага юм. Иймд аюулгүй байдлын яриа хэлэлцээг бүх талын оролцоотойгоор зохион байгуулах нь чухал юм.
Лавров хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард Стокгольм хотод болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцжээ. Энэ нь Европын холбооны оронд айлчилсан түүний хамгийн сүүлийн тохиолдол болж байгаа юм. Тус байгууллагын ээлжит уулзалт 2022 оны арванхоёрдугаар сард Польшийн Лодз хотод болсон боловч Лавровыг нэвтрүүлэхээс татгалзсан аж.
Харин өнгөрсөн жилийн уулзалт Европын холбооноос гадуур буюу баруун Балканы хойгийн Хойд Македон улсад болсон бөгөөд Лавров үүнд оролцсон. Энэ айлчлал нь Украин тэргүүтэй олон улсын хүчтэй шүүмжлэлийг дагуулжээ. Тодруулбал, Европын холбооны гишүүн Болгар улс Лавровын онгоцыг Хойд Македонийн нийслэл Скопье руу нисэхийг зөвшөөрчээ. Зөвшөөрөл нь түр зуурынх байсан бөгөөд хуваарьт нислэг үйлдэхээс гурван цагийн өмнө, дараа нь 72 цагийн дотор хүчинтэй байв. Европын холбооны нэр дэвшигч Хойд Македон улс ч мөн адил зөвшөөрөл олгосон байна.
Эх сурвалж: Euronews.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

03 Nov, 14:55


Чой Сон Хуй: Украины дайнд ялах хүртэл нь Оросыг дэмжинэ
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй Москва дахь айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Баасан гаригт уулзав. Энэ үеэр Чой Сон Хуй "Хойд Солонгос улс Украины дайнд ялах хүртэл нь Оросыг дэмжинэ" гэж амлалаа. Талууд зургадугаар сард байгуулсан гэрээний нөхцлийн дагуу харилцаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцсан гэж үзэж байна. Тус гэрээнд цэргийн харилцан туслалцааг тусгасан байдаг.
"ОХУ-ын арми, ард түмний улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалахын төлөөх шударга тэмцлийг бид тууштай тунхаглах ёстой гэсэн чиглэлийг дайны эхний өдрөөс л удирдагч Ким Жон Ун өгсөн" гэж Чой Сон Хуй хэлжээ.
Харин Сергей Лавров "Манай хоёр улс цэрэг болон аюулгүй байдлын маш нягт харилцаа холбоотой. Энэ нь хоёр улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал ажлуудыг бодитоор шийдвэрлэх боломжийг бидэнд олгож байна" гэв.
Дашрамд дурдахад, Украин дахь дайнд Хойд Солонгос оролцож байна гэсэн таамаглалтай зэрэгцэн Чой Сон Хуй сар хүрэхгүй хугацаанд хоёр дахь айлчлалаа Орост хийж байна. Тэрбээр өнгөрсөн сард ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан дөрөв дэх удаагийн Евразийн эмэгтэйчүүдийн форум болон "BRICS"-ийн эмэгтэйчүүдийн форумд оролцсон билээ.
Эх срвалж:nhk.or.jp

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

02 Nov, 02:28


Испанид үерийн улмаас нас барсан хүний тоо 150 давжээ
Испанийн улсын зүүн эргийн гурван том мужид мягмар гарагийн шөнө хүчтэй ширүүн бороо асгарч үер буусан. Энэ үер нь тус улсад 1973 оноос хойш 50 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн их хэмжээний гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг болж байна.
Тухайн үед Испанийн нутаг дэвсгэрийн нутгийн зүүн болон өмнөд хэсэг үерт өртсөний улмаас 150 хүн нас барсан юм. Үүнээс хойш тавь гаруй жилийн дараа Испани улсад үндэсний хэмжээний гашуудал зарлах хэмжээнд олон арван хүний амь насыг хохироосон үерийн гамшиг анх удаа тохиож байна.
Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо бараг 160 дөхсөн ч олон арван хүн сураггүй байгаа тул амь хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай.  
Одоогоор тусгай үүргийн 1200 орчим бие бүрэлдэхүүн үерт боогдсон иргэдийг аврах, алга болсон хүмүүсийг эрэн хайх ажлыг гүйцэтгэж байна. Байгалийн гамшиг зүүн нутгийн Валенсиа, Кастилла ла Манча, Малага гэсэн гурван мужид нүүрлэсэн. Эдгээр мужуудаас хамгийн их гарз хохирол амссан нь Валенсиа муж болоод байна. Тус мужид нас барсан 155 хүний цогцос олдоод байгаа юм. Кастилла Ла Манчад хоёр хүн, Малагад нэг хүн мягмар гарагийн шөнө болсон үерийн улмаас нас баржээ.
Валенсиагийн цогцос хадгалах газрын багтаамж хүрэлцэхгүй байгаа учраас шүүхийн байгууллагын байрыг түр цогцос хадгалах газар болгон ашиглаж байна. Тус мужийн төвийн суурьшлын бүс гудамж талбай бүхэлдээ усанд автаж олон мянган машин үерт өртөж, мянга гаруй хүн үерт боогдож гацсан байдалтай байна.
Испани улс даяар гурав хоног гашуудал зарласан. Испанийн хаан V Фелипе нийслэл Мадрид хотод тус хотын дарга Хосе Луйс болон бусад албаны хүмүүсийн хамт үерт өртсөн хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэж хаан болон бусад албаны хүмүүс минутын хугацаанд дуугаа хураажээ.
Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчез Валенсиа мужид ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Тэрээр ард иргэдийг онцгой байдлын албанаас өгч байгаа заавар зөвлөмжийг даган мөрдөж, яг одоо хамгийн чухал зүйл нь аль болох олон хүний амь насыг аврах хэрэгтэй байгааг хэлжээ. Мөн Испанийн Засгийн газар үерт өртсөн бүс нутагт бүрэн анхаарч тусалж дэмжихийг Ерөнхий сайд илэрхийлсэн. Испанийн хөрш Европын улс орнууд ч мөн тусламжийн гараа сунгаж байгаа юм. 
Валенсиа мужид сургууль, музей, нийтийн номын сангуудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ. Үерийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Испанийн зүүн нутагт цаг агаар харьцангуй тогтуун болсон ч үер дагуулсан цаг уурын хүчтэй урсгал зүүн хойд нутгийн Каталон мужийг чиглэж байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, шаардлагатай тохиолдолд түр хорогдох газарт очихыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

31 Oct, 23:25


Умард Солонгос тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин харвалаа
Өчигдөр өглөө 07:10 цагт Умард Солонгос улс алсын зайн тусгалтай баллистик пуужинг зүүн эргээсээ хөөргөсөн тухай Өмнөд Солонгос болон Японы Батлан хамгаалах яам, армийн хэвлэлүүд мэдээллээ. Умард Солонгосын тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин 86 минут агаарт нисэж 08:40 цагийн үед Японы тэнгист унасан байна. Ингэж газардахдаа Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна талд тун ойрхон унасан байж болзошгүй гэж Японы арми мэдээллээ.
Умард Солонгос улс хамгийн сүүлд жилийн өмнө буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тив алгасах хүчин чадалтай алсын тусгалтай пуужингийн туршилт хийсэн. 2023 оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтад Хуасонг-18 баллистик пуужинг ашигласан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын талаас таамагласан юм. Японы талаас Умардын жилийн өмнө хөөргөсөн пуужинг далайн түвшнээс дээш 6,000 км өндөрт хүрч, 73 минутын дараа далайд унасан гэж мэдээлсэн.
Өнөөдөр өглөө хөөргөсөн пуужин шинэ төрлийн хатуу түлшин хөдөлгүүртэй алсын тусгалтай баллистик пуужин байсан бөгөөд 1,000 км орчимд тусах боломжтой, далайн түвшнээс дээш 7,000 км-т хүрч Хоккайдогийн хойд хэсэгт Окушири арлын баруун талд унасан гэж Японы эрх баригчид мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Пёньянд байгаа хамгийн хүчирхэг зэвсгүүдийнхээ нэгийг харвасан гэж үзэж байна.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын тал баллистик пуужингийн туршилт хийх гэж байгаа тухай Өмнөд Солонгос улс сэрэмжлүүлж байсан юм. Америкийн сонгуулиас гадна Умард Солонгос ОХУ руу цэргээ илгээж, Украины эсрэг байлдуулах гэж байгаа тухай мэдээлэл ойрын долоо хоногуудад чих дэлсэж байна. Өмнөд Солонгос, АНУ зэрэг өрнөдийн орнуудын зүгээс ямар ч тохиолдолд Умард Солонгосын цэрэг Украины дайнд байлдаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа билээ. АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын цэргүүд ОХУ-д ирснийг баталж, цэргүүдээ эргүүлэн татахыг Пёньянаас шаардаж байна. Мөн Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосын алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчсөн үйлдэл болж байгааг анхаарууллаа.
Эх сурвалж:BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

31 Oct, 00:20


ФҮЖИ УУЛ 130 ЖИЛИЙН ХУГАЦААНД АНХ УДАА ЦАСГҮЙ АРВАННЭГДҮГЭЭР САРТАЙ ЗОЛГОЖ БАЙНА
Япон улсын аялал жуулчлалын төв болсон алдарт Фүжи ууланд өнөөдрийг хүртэл цас унаагүй байна. Нийслэл Токио хотоос баруун урд зүгт 100 орчим км-т байдаг идэвхтэй галт уул Фүжи жирийн үед жил бүрийн аравдугаар саран эхэн гэхэд цагаан цасанд хучигдсан байдаг ажээ. Эрдэмтэн судлаачид 130 жилийн өмнөөс Фүжи уулан дах хуртунадасны хэмжээг судалж тогтоож ирсэн байна. Гэвч энэ цаг үеэс хойш анх удаа тус ууланд цас уналгүй хамгийн удаж байгаа тохиолдол болохыг хэлж байна.
Өнгөрсөн жил л гэхэд Фүжи ууланд аравдугаар сарын 5-ны өдөр анхны цас оржээ. Энэ жил дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн бөмбөрцгийн зарим хэсэгт ган гачиг нүүрлэж, хэт халсан бол зарим хэсэгт үер бууж цаг агаарын эрс тэс уур амьсгал тохиосон. Япон улсад өнгөрсөн зун урьд өмнө тохиож байгаагүй их халсан. Нэн ялангуяа зургаагаас наймдугаар сарын хооронд агаарын температур дундаж үеийнхээс цельсийн 1.76 хэмээр илүү байжээ. Есдүгээр сард ч мөн цаг агаар өмнөх жилүүдтэй харьцуулахад дулаан хэвээр үргэлжилсэн байна. Японы цаг уурын нийгэмлэгийн судалгаагаар өнгөрөгч есдүгээр сард нийт 1,500 орчим байршилд агаарын температур цельсийн 35 хэмд хүрч хэт халжээ. Аравдугаар сард халуун цаг уурын урсгал харьцангуй суларсан боловч дундаж үеийнхээс мөн л халуун байна. Ийнхүү Фүжи уул цасгүй 11 дүгээр сартай золгох гэж байгаа нь урьд өмнө үзэгдээгүй сонин үзэгдэл болж байна. 1894 оноос хойш хийсэн бүртгэлээр хамгийн оройтохдоо аравдугаар сарын 26-ны өдөр хүртэл Фүжи ууланд цас унаагүй хоёр тохиолдол бүртгэгджээ. 1955 болон 2016 онуудад Фүжи уул цасгүй хамгийн удсан байна. Эдгээр жилүүдэд аравдугаар сарын 26-ны өдрөөс хэтрэлгүй Фүжи уулын орой цасанд хучигдаж байжээ.
Фүжи уул хамгийн сүүлд 300 орчим жилийн өмнө оргилж байсан бөгөөд идэвхтэй галт уулын тоонд ордог. Япон улсын хамгийн өндөр цэг бөгөөд дээд оргил нь 3,776 метр өндөр юм. Фүжи уулын оройд шинто шашны сүм байдаг бөгөөд тус уулыг харахаар жил бүр олон зуун мянган жуулчин зорин ирдэг байна. Фүжи ууланд жил бүр багадаа 200,000 уулчин авирдаг. Өнгөрсөн жил тус ууланд 220,000 уулчин авирсан байна.
Нх сурвалж:theguardian.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

29 Oct, 02:10


Украинд туршсан зэвсгийг Тайваньд худалдана
АНУ хоёр тэрбум ам.долларын зэвсгийг Тайваньд худалдана гэж Баасан гаригт мэдэгджээ. Үүнд Украины байлдааны талбарт туршсан дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем багтсан байна. Пентагоноос мэдээлснээр ойролцоогоор 828 сая ам.долларын өртөгтэй радарын систем, 1.16 тэрбум ам.долларын пуужингийн систем багтжээ. Пуужингуудыг "RTX Corp" компани нийлүүлнэ.
Тайваньд нийлүүлэх "NASAMS" пуужингийн систем нь Украины байлдааны талбарт туршигдсан систем юм. Энэ нь АНУ-аас Тайваньд экспортлох агаарын довтолгооноос хамгаалах системийн хүчин чадал ихээхэн нэмэгдсэнийг харуулна гэж үзэж байна. "NASAMS" бол Тайванийн хувьд шинэ зэвсэг. Одоогоор уг системийг бүс нутагт Австрали, Индонези л ашиглаж байна.
Албан ёсоор дипломат харилцаагүй ч гэлээ АНУ нь Тайванийг өөрийгөө хамгаалах тусална гэсэн амлалттай байдаг. Хятад улс сүүлийн саруудад Тайванийн эсрэг шахалтаа эрчимжүүлэх болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд арлын эргэн тойронд цэргийн сургуулилалт зохион байгуулсан билээ. Ерөнхийлөгч Лаи Чин-тэ өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаа хүлээж авснаас хойш ийм төрлийн сургууилалт хоёр дахь удаагаа болж байна.
Эх сурвалж:Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

27 Oct, 10:19


Хятад улс талибуудад татваргүй худалдаа санал болгоно
Хятад улс талибуудад гаалийн татваргүй гадаад худалдааг санал болгож байна. Үүнд барилга, эрчим хүч, хэрэглээний салбар хамаарна. Гаалийн татваргүй гадаад худалдааны ачаар байгалийн нөөцөөр баялаг боловч тусгаарлагдмал дэглэмд зах зээлээ тэлэх боломж олдох юм.
Талибууд 2021 онд Афганистанд хяналтаа тогтоосон. Энэ цагаас нь хойш Хятад тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй. Гэвч Афганистанд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар олон улсын анхаарлыг татсан олон хүчин зүйл байгаа учир Хятад улс бусад засгийн газрын нэгэн адил тэдний засаглалыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн юм.
Афганистан улс Хятадад асар их ашигт малтмалтын нөөц санал болгож магадгүй. Тодруулбал, Афганистаны литий, зэс, төмрийн ордууд нь Хятадын батарей болон барилгын салбарыг тэжээх юм.Хятадаас Афганистанд суугаа Элчин сайд Жао Син мэдэгдэл хийхдээ "Хятад улс Афганистаны бүх бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд импортын татваргүйгээр зөвшөөрнө" гэжээ. Гаалийн мэдээ харвал өнгөрсөн онд Афганистанаас Хятад руу 64 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 90 орчим хувь нь нарсны самар байжээ.
Хятадын хэд хэдэн компани Афганистанд үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа Афганистаныг сэргээн босгож буй Хятадын компаниудын талаар Бээжингийн хэвлэлд энэ оны наймдугаар сард онцолжээ.
Хятадын дарга Ши Жиньпин есдүгээр сард Бээжинд болсон Африкийн удирдагчдын уулзалтын үеэр "Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадтай дипломат харилцаатай буурай хөгжилтэй орнуудаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахгүй" гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ бодлого Афганистанд ч мөн үйлчилнэ гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэлжээ.
Эх сурвалж:Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

25 Oct, 13:48


Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Эх сурвалж: President.mn

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

24 Oct, 01:40


Зэвсэг тээвэрлэж явсан Оросын ачааны нисэх онгоцыг Суданы босогчид андууран устгажээ

Даваа гарагт Суданы алс баруун хязгаар Дарфур мужийн нутагт RSF (Rapid Support Forces) нэртэй босогчдын арми дайсанд нь тусламж үзүүлж байсан гадаадын нисэх онгоцыг буудаж унагаснаа зарласан юм. Гэтэл уг онгоц нь тус босогчдод зэвсэг хүргэхээр нисэж байсан Оросын ачаа тээврийн Илюшин-76 нисэх онгоц байжээ. Сошиал сүлжээнд тарсан гар утасны дүрс бичлэгээс харахад ослын газраас Оросын иргэний бичиг баримт, Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) бүртгэлтэй компанийн ажлын үнэмлэх зэрэг зүйлс олдсон байна. Бас уг нисэх онгоц Киргизстанд бүртгэлтэй "New Way Cargo" компанийн өмч болохыг батлах бичиг баримт олджээ. Газар-агаар ангиллын пуужингаар устгасан уг онгоцыг RSF босогчид Суданы засгийн газрын армид туслахаар нисэж байсан Египетийн агаарын хүчний нисэх онгоц байсан, энгийн иргэдийг бөмбөгдөж байсан гэж анх мэдээлсэн юм.

Хартум хот дахь ОХУ-ын элчин сайдын яам унагасан онгоцны мөрөөр шалгах ажлыг Суданы эрх баригчидтай хамтран зохион байгуулж эхэлснээ өчигдөр мэдээлжээ. АНУ-ын Conflict Observatory судалгааны байгууллага Киргизстаны "New Way Cargo" компанийн Ил-76 нисэх онгоц Суданы босогчдод АНЭУ-ын нийлүүлсэн зэр зэвсгийг тээвэрлэн хүргэдэг талаар саяхан мэдээлж байсан юм. Суданы босогчдыг АНЭУ-ын эрх баригчид зэвсэглэдэг гэх мэдээллийг НҮБ-ын шинжээчид бас баталж байжээ. Онгоцны ослын талаар тодруулгад АНЭУ-ын эрх баригчид болон Киргизстаны "New Way Cargo" компани ямар нэг тайлбар өгөөгүй байна. Африк тивийн Судан улсад 2019 онд дарангуйлагч Омар Аль Баширын дэглэм унасны дараа иргэний дайн дэгдсэн юм. Тухайн үед армийнхан эрх мэдлийг иргэний засгийн газарт тайван замаар шилжүүлж өгөхөө амлаж байсан ч хэрэгжиж чадаагүй. Улмаар Суданы зэвсэгт хүчин хоёр том генералын мэдэлд хуваагдаж, хоорондоо дайтаж эхэлсэн юм.
RSF зэвсэгт бүлэг өмнө нь Суданы армийн нэг хэсэг байжээ. Одоо тэднийг АНЭУ-ын эрх баригчид болон Оросын Вагнер хувийн армитай хамтран ажилладаг гэх мэдээлэл байдаг.

Эх сурвалж: AssociatedPress.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

22 Oct, 14:25


Молдовчууд маш цөөхөн саналын зөрүүгээр Европын Холбоонд элсэхийг дэмжжээ

Ням гарагт Молдова улсын иргэд шинэ ерөнхийлөгчөө сонгосноос гадна үндсэн хуулиа өөрчилж, улс орноо Европын Холбоонд нэгтгэх эсэх асуудлаар саналаа өгсөн юм. Урьдчилсан дүнгээр сонгогчдын олонх нь Европын гэр бүлд нэгдэхийг эсэргүүцсэн байж болзошгүй гэх мэдээлэл ням гарагийн орой тарж байв. Тэгвэл саналын хуудсыг бүрэн тоолсны дараах байдлаар Европын Холбоонд элсэхийг дэмжсэн санал маш бага хувийн зөрүүгээр давамгайлжээ. Тухайлбал нийт саналын 99.6 хувийг тоолоход "Тийм" санал 50.46 хувь, "Үгүй" санал 49.54 хувийг эзэлсэн байна. Гэхдээ 3 сая орчим хүн амтай Молдова улсыг Европын холбоонд элсүүлэхийг сонгогчдын хангалттай олонх дэмжинэ гэж найдаж байсан эрх баригчдын хувьд дээрх үр дүн цочирдож, гайхмаар үзүүлэлт болжээ. Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду "маш хэцүү" тэмцлийн үр дүнд Европын талыг баримтлагчид энэ санал хураалтад ялалт байгуулсныг зарласан байна. Тэр бас сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авах кампанит ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, ардчилалд аюул учруулсан Молдовын "дайснууд"-ыг буруутгажээ. Санду хэдийгээр тодорхой нэг нэр зааж хэлээгүй ч сүүлийн сар хүрэхгүй хугацааны дотор Молдовын эрх баригчид Москвагаас санхүүжилттэй санал худалдаж авах нууц ажиллагааг илрүүлж байв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа сонгуулийн үр дүнд гадаадаас нөлөөлснийг батлах тодорхой баримт ил гаргаж тавихыг Сандуд уриалсан байна. Даваа гарагт Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Питер Стано мэдэгдэлдээ Молдовын бүх нийтийн санал хураалт "Орос болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн урьд өмнө байгаагүй хөндлөнгийн оролцоо, дарамт сүрдүүлэг дор болж өнгөрсөн" тухай хэлжээ. Өнгөрсөн сард ОХУ-д амьдарч буй Молдовын оргодол бизнесмэн, улс төрч Илан Шор сонгогчдоор Европын Холбоонд элсэхийн эсрэг санал өгүүлэхийн тулд мөнгө төлөхөө мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт цацсан видео мэдэгдэлдээ тэр одоогийн ерөнхийлөгч Майя Сандугаас өөр аль нэг нэр дэвшигчид саналаа өгөхийг Молдовын иргэдэд уриалж байжээ. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд Майя Санду хамгийн олон буюу 41 хувийн санал авсан байна.

Түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Оросын талыг баримтлагч Социалистуудын Намын нэр дэвшигч Александр Стояногло 26 хувиар удаалжээ. Түүнийг төсөөлж байснаас олон санал авсан гэж ажиглагчид үзэж байна. Одоо Санду болон Стояногло нар арваннэгдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх юм. Эхний шатнаас хасагдсан популист улс төрч Ренато Усатый, автономит муж Гагаузын захирагч асан Ирина Влах нарын дэмжигчид Стояноглог дэмжих магадлалтай тул Сандугийн хувьд хоёр дахь шатны санал хураалт маш хүнд сорилт болох төлөвтэй байна. Гадаад орны төлөөний этгээдүүд болон тэдэнтэй хамтрагч гэмт хэрэгтнүүд 300,000 орчим санал худалдаж авсныг батлах хангалттай баримт засгийн газарт байгааг Санду өмнө нь мэдэгдэж байв Молдова улс одоо Европын Холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд ням гарагийн санал хураалтын үр дүнгээс үл хамааран цааш үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: ВВС.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

22 Oct, 01:29


Толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразилын ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ

Бямба гарагт гэртээ байхдаа толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразил улсын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва энэ долоо хоногт ОХУ-д хийх байсан айлчлалаа цуцалжээ. 78 настай тэрбээр ням гарагийн орой БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд оролцохоор Оросыг зорих байсан юм.Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн холбоо болох БРИКС-ийг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан тул эдгээр орнуудын нэрийн эхний үсгүүдийг нийлүүлж бутээсэн зохиомол үгээр нэрлэсэн байна.Нийслэл Бразилиа хотын төв эмнэлгийн эмч нар ерөнхийлөгчдөө хэсэг хугацаанд алсын зайн нислэгээр зорчихгүй байхыг зөвлөсөн .Лула дээрх чуулганд видео холбоогоор оролцохоос гадна бусад өдөр тутмын ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Толгойнхоо арын хэсэгт гэмтсэн ерөнхийлөгч бямба гарагт таван оёдол тавиулсныхаа дараа гэртээ харьсныг Бразилын хэвлэлүүд эмнэлгийн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба гэмтлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хэрвээ Лула төлөвлөгөөний дагуу айлчилсан бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ он гарснаас хойш анх удаа биечлэн уулзах байв.

Ирэх сард Бразил улсад Их 20-ийн бүлгийн дээд чуулган зохион байгуулагдах юм. Путин уг арга химжээнд оролцохгүйгээ баасан гарагт мэдэгдэж байв.Тэрбээр уг шийдвэрээ өөрийг нь баривчлах Олон Улсын Эрүүгийн Шүүхийн тогтоолоос болоогүй, харин зохион байгуулагч орныг хүндрүүлж, үйл ажиллагааг тасалдуулахаас болгоомжилсон учир шалтгаантайг тайлбарлажээ. Өнгөрсөн онд Путин дээрх шүүхийн тогтоолын улмаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд биеэр оролцож чадаагүй юм. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орныхоо хувьд Өмнөд Африк, Бразил улсууд Путинийг баривчлах үүрэгтэй. БРИКС-ийн энэ оны дээд чуулган мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд Казань хотод зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: ВВС.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

20 Oct, 00:16


Гол цахилгаан станц нь гэмтлийн улмаас зогссоны дараа Куба улсыг бүхэлд нь "харанхуй" нөмөрчээ

Өчигдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн үед Куба улсын гол цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас орон даяар эрчим хүчний хангамж тасарчээ. Хангамж хэзээ буцаж сэргэхийг хэлж мэдэхгүй байгаагаа эрчим хүчний албаны эх сурвалж мэдээлсэн байна. Энэхүү тасалдлын өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Кубын ерөнхий сайд улс орон даяар "эрчим хүчний онц байдал" зарлаж байв. Баасан гарагт Куба улсын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч болох Матанзас дахь Антонио Гитерасын станц гэмтлийн улмаас зогссон юм. Тус улсын ерөнхийлөгч Мигэль Диаз-Канел Бермудез гэмтлийг засварлах нь түүний тэргүүн зорилт болоод байгааг мэдэгджээ. "Хангамжийг сэргээх хүртэл амралтгүй ажиллах болно" гэж тэр Х хуудсандаа бичсэн байна. Өчигдөр өглөө тус улсын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор бүх сургуулиуд болон онц шаардлагагүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Даваа гарагт хүртэл хааж байгааг зарлаж байжээ. Бас хөргөгч, богино долгионы зуух зэрэг эрчим хүчний өндөр хэрэглээтэй цахилгаан тоног төхөөрөмжүүдийг оргил цагаар ашиглахгүй байхыг иргэдэд анхааруулсан юм. Пүрэв гарагийн орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлэхдээ Кубын ерөнхий сайд Мануэл Марреро хуучирч муудсан дэд бүтэц, түлш шатахууны хомсдол эрчим хүчний доголдлын гол шалтгаан болж буйг тайлбарлаж байв. BAGK 40 Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн Кубын эрчим хүчний хямрал өчигдөр туйлдаа хүрсэн гэж үзэж болохоор байна. 2021 оны долдугаар сард олон өдөр дараалан үргэлжилсэн цахилгааны тасалдлыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн гудамжинд жагсаж байв. Хөргөгч, хөлдөөгчид нөөцөлсөн хоол хүнс нь муудаж, зуны халуунд сэнс, сэрүүцүүлэгчгүй болсон иргэдийн бухимдал ингэж илэрч байжээ. Цахилгаангүй болсны улмаас орон сууцнууд усгүй болж, автомашинууд бензин шатахуунгүй болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. Коммунист дэглэмтэй Куба улсад эрх баригчдыг шүүмжлэх, эсэргүүцэл илэрхийлэх нь ховор үзэгдэлд тооцогддог. Гэвч эрчим хүчний гүнзгий хямрал тус улсын иргэдийн тэвчээрийг барж болзошгүй болоод байна.
Эх сурвалж: ВBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

18 Oct, 09:47


Израил: Хамасын дээд удирдагч үхсэн ч дайн үргэлжилнэ
Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Израил руу хийсэн халдлагын гол зохион байгуулагч гэгддэг тэрээр өнгөрсөн хугацаанд нуугдаж байсан юм.  
Израилын арми лхагва гаргийн цэргийн ажиллагааны үеэр Газын зурвасын өмнөд хэсэгт Синвар амиа алдсан гэжээ. Пүрэв гарагт Израилын талаас Синварыг амиа алдсан эсэхийг тодруулж байна хэмээн мэдээлсэн. 
Мэдэгдэл гаргаад удалгүй тархиндаа хүнд гэмтэл авсан, Синвартай төстэй эрэгтэйн цогцсыг олсноо баталгаажуулж, зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. 
Уг бүлэглэлийн дээд удирдагчийг хорооно гэдэг Израилын хувьд зорьж байсан том зорилгуудынх нь нэг юм.
Синвар амиа алдсаныг мэдэгдсэнийг дараа барууны удирдагчид дайныг дуусгах боломжтой гэсэн ч Израилын Ерөнхий сайд "дайн үргэлжилнэ" хэмээн мэдэгдээд байна. 
Одоогоор Хамасын талаас удирдагчийнхаа үхлийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 
Эх сурвалж: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

17 Oct, 03:53


Умард Солонгос Өмнөдтэй холбогдох авто замыг дэлбэлжээ
Умард Солонгос улс мягмар гарагт хоёр Солонгосын хил орчмын авто болон төмөр замын зарим хэсгийг дэлбэлжээ. Үүний хариуд Өмнөдийн талаас “анхааруулах гал нээсэн” болохыг тус улсын армиас мэдээлсэн байна. 
Мягмар гаргийн өдөр Өмнөдтэй холбогдох авто болон төмөр замын хойд хэсгийг дэлбэлж эхэлсэн аж.
Сөүл хот дахь Нэгдлийн яамнаас уг үйлдлийг хоёр Солонгос хоорондын өмнөх хэлэлцээрийг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруутгав. 
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгдсэн юм.
Үүнийг Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авч буй хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан. 
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ 28 мянга орчим цэргээ Өмнөд Солонгост байрлуулж буй. Эх сурвалж: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

16 Oct, 00:06


Дональд Трампын ойролцоогоос хоёр буутай, хуурамч паспорттой хүнийг баривчилжээ
Калифорнид Дональд Трампын уулзалт болсон газрын ойролцоо сэжиг бүхий нэгэн эрийг баривчилжээ. Тэрбээр баривчлагдах үедээ хууль бусаар эзэмшсэн хоёр гар буутай, хуурамч паспорттой байсан хэмээн АНУ-ын цагдаагийн газар мэдэгдлээ.
Сэжигтэн 49 настай Вем Миллер хар жийп машин жолоодож яваад Коачелла хотод болсон жагсаалын үеэр саатуулагджээ.
Алба хаагчид түүний автомашин болон биеэс ангийн болон цэнэглэсэн гар буу олжээ.
Риверсайд тойргийн шериф Чад Бианко болон түүний офицерууд Трампыг алах гэсэн гурав дахь удаагийн оролдлогоос сэргийлсэн гэдэгт итгэлтэй байна гэжээ.
АНУ-ын нууц алба Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп ямар ч аюулд өртөөгүй гэж мэдэгдээд, энэ явдал хамгаалалтын ажиллагаанд нөлөөлөөгүй гэжээ.
Эх сурвалж: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

14 Oct, 01:22


Чарльз хаан: Бүгд Найрамдах Улс болох эсэх нь Австралийн ард түмний шийдэх асуудал
Австрали улс үндсэн хуульт хаант засаглалаас бүгд найрамдах улсын засаглалд шилжих эсэх асуудлыг тус улсын ард түмэн шийдэх ёстойг Их Британийн хаан Чарльз мэдэгджээ.
Тэрбээр ирэх долоо хоногт хатан Камиллагийн хамт Австрали улсад айлчлах гэж байгаа юм.
Энэ айлчлалын үеэр Австралийн ирээдүйн засаглалын хэлбэр ямар байх асуудал сөхөгдөх нь гарцаагүй болоод байна.
Тухайлбал Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний төлөөлөгчид айлчлалын үеэр хаантай уулзах хүсэлтээ Букингэмийн ордонд ирүүлж байжээ.Букингэмийн ордон уг хүсэлтэд хаан Чарльзын нэрийн өмнөөс хариу өгснөө өчигдөр нийтэд ил болгосон юм байна.
1999 онд Австралид засаглалын хэлбэрээ солих эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахад иргэдийн олонх нь үндсэн хуульт хаант засаглалаа хэвээр хадгалах хувилбарыг сонгож байжээ.
Энэ оны эхээр Австралийн засгийн газар дахин ийм санал хураалт зохион байгуулах төлөвлөгөө ойрын үед байхгүйг мэдэгдэж байв.
Гэвч бүгд найрамдахчууд Австралийн төрийн тэргүүн нь Их Британийн хаан биш, өөрсдийнх нь сонгосон хүн байх ёстой гэж үздэг.
Чарльз хааны айлчлалын тов гарсны дараа Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний тэргүүн Айсаак Жефри “Манай улсын түүхэнд өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн хааны үүргийг бид хүндэлдэг ч австраличууд өөрийн төрийн тэргүүнийг сонгодог болох цаг нь ирсэн гэж бодож байна. Австралийн төлөө бүтэн цагаар ажилладаг хэн нэгэн байх хэрэгтэй” гэж ярьжээ.
Ингэхдээ Австрали улс засаглалаа сольсон ч Британийн Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Холбоонд хэвээр үлдэх боломжтойг тэр тайлбарлаж байв.
Энэ оны эхээр хорт хавдартай болсон нь оношлогдож, эмчилгээ эхлүүлснээсээ хойш Чарльз хаан хамгийн алс хол аялах гэж байна.
Өнгөрсөн хугацаанд тэр ганцхан удаа гадаадад зорчсон нь D-Day (дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнууд оролцож эхэлсэн) түүхэн үйл явдлын ойн арга хэмжээнд оролцохоор Франц улсад хийсэн айлчлал байлаа.
Австралид айлчилсныхдаа дараа хаантан Самоа улсад зохион байгуулагдах Хамтын Нөхөрлөлийн Орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцох юм.
 
Эх сурвалж: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

13 Oct, 12:18


Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсэд Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр боллоо
2024 оны энх тайвны Нобелийн шагналыг Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсдийн холбоо Нихон Хиданкё хүртэхээр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр орой зарлалаа.
1945 онд Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэрэхэд амьд үлдсэн хүмүүсийг хибакуша гэж нэрлэдэг.
Дэлхий нийтэд цөмийн дайны гай гамшгийг ойлгуулах үйлсэд тэдний гаргасан хүчин чармайлтыг үнэлснээ Норвегийн Нобелийн Шагналын Хороо тайлбарлажээ.Нихон Хиданкё холбоо атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдэгсдийн үзсэн зовлонг дэлхий нийтэд таниулах зорилгоор 1956 онд байгуулагдсан юм.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоц ураны бөмбөгийг Хирошима хотод хаясны улмаас 140,000 орчим хүн амь үрэгдэж байв.
Үүнээс гурав хоногийн дараа хоёр дахь бөмбөгийг Нагасаки хотод хаясан юм. Дараа нь Хирохито эзэн хаан Япон улс бууж өгснийг зарласнаар Дэлхийн Хоёрдугаар дайн өндөрлөж байв.
Тус байгууллагын тэргүүлэгчдийн нэг Тошиюки Мимаки “Ийм зүйл болно гэж зүүдэлсэнгүй явлаа” хэмээн шагналын мэдээг сонссоныхоо дараа нүдэндээ нулимстай хэлжээ.
“Цөмийн зэвсгийн ачаар дэлхийд энх тайван тогтдог гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг зөвхөн алуурчид ашиглах боломжтой” гэж тэр энэ үеэр шүүмжлэн ярьсан байна.
Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэхэд Мимаки дөнгөж гурван настай байжээ.
Шагналын диплом, алтан медаль, $1 саяыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Норвегийн нийслэл Осло хотод гардуулна.
Нихон Хиданкё өмнө нь олон удаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан юм.
Шийдвэр нь үргэлж маргаан дагуулдаг байсан энх тайвны Нобелийн шагналын хороо энэ удаа хамгийн эргэлзээгүй сонголт хийсэн гэж ажиглагчид үзэж байна.
Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид цөмийн зэвсэг хэрэглэх талаар олон удаа ярьж байгаа.
Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, Израил улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөх тухай санаа ид яригдаж байна.
Энэ оны энх тайвны Нобелийн шагналд 197 хувь хүн, 89 байгууллагаас бүрдсэн нийт 286 нэр дэвшигч өрсөлджээ.
2023 онд энэ шагналыг Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади хүртэж байв.
Мохаммади одоо Тегераны Эвин шоронд 12 дахь жилдээ хоригдож байгаа юм.
 
Эх сурвалж: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

11 Oct, 23:35


АНУ-ын United Airlines компани Улаанбаатарын нислэгийн шинэ чиглэл нээхээр болсноо зарлалаа
Чикаго хотод төвтэй Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United Airlines компани Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо өчигдөр зарлажээ.
Тус компани 2025 оны тавдугаар сараас олон улсын найман шинэ чиглэлийг нээхээр болсны нэг нь Улаанбаатар юм байна.
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн Boeing 737-800 агаарын хөлөг Японы нийслэл Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ.Өчигдөр зарласан бусад долоон шинэ чиглэл нь АНУ-ын Ньюарк хотоос Испанийн Билбао, Португалийн Фаро, Португалийн Мадейра, Гринландын Нүүк, Италийн Палермо хотууд руу, Японы нийслэл Токиогоос Тайванийн Каошюн, АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Сенегалын нийслэл Дакар хот руу үйлдэгдэх юм байна.
Дээрх найман шинэ чиглэлийн долоод нь Америкийн агаарын тээврийн компаниуд огт нислэг үйлддэггүй ба ганцхан Дакар хотын чиглэлд Delta Air Lines компани Нью-Йорк хотоос нислэг үйлддэг ажээ.
Найман шинэ чиглэлийн Каошюн, Дакарын нислэгүүд бүтэн жилийн турш, бусад зургаан нислэг нь улирлын чанартай үйлдэгдэх юм байна.Эх сурвалж: UnitedAirlines.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

10 Oct, 12:45


Умард Солонгос газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах арга хэмжээ авснаа зарлавУмард Солонгосын арми газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах “томоохон алхам” хийснээ өчигдөр зарлажээ.
Өөрөөр хэлбэл хоёр улсыг холбодог бүх авто болон төмөр замуудыг бүрэн хааж, хуурай газраар зорчих ямар ч аргагүй болгох арга хэмжээ авсан юм байна.
Энэ оны эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олон жил баримталж ирсэн хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх бодлогоо цуцалж байгааг зарласан юм. Бас Өмнөд Солонгосыг өөрийн улсын “гол дайсан” болсныг зарлаж байв.Үүний дараа Умард Солонгосын зэвсэгт хүчин Өмнөд Солонгостой залгадаг хилийнхээ харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх, бэхлэлт нуувч байгуулах, минажуулах, замуудад саад хаалт босгох зэрэг ажлуудыг эхлүүлж байжээ.
Өчигдрийн мэдэгдэл нь энэ ажил дууссаныг илтгэж буй бололтой.
Умард Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб дээрх арга хэмжээгээ Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авсан хариу арга хэмжээ гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ.
“Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдал нь БНАСАУ-ын зэвсэгт хүчнээс үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд илүү шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб хариу мэдэгдэлдээ уг арга хэмжээг “Ким Жон Уны дэглэмийн эмзэг, сул дорой байдлаас үүдэлтэй” гэж шүүмжилжээ.
Мөн ингэснээр тус улс өөрийгөө улам тусгаарлаж, ганцаардуулж буйг анхааруулсан байна.
Сөүл дэх Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин үүнийг Пёняны дэглэм нэгэнт хэрэгжүүлж дууссан ажлаа албан ёсоор баталгаажуулж буй үйлдэл гэж дүгнэжээ.
Мөн цаашдаа үндсэн хуулиа шинэчлэх ажлын бэлтгэл байж болзошгүй гэж үзэж байна.
“Хэрвээ Умард Солонгос үндсэн хуулиа шинэчлэх замаар нутаг дэвсгэртэй холбоотой шинэ заалт нэмж, Өмнөд Солонгостой харилцаагаа бүрэн тасалбал энэ нь тус улсын гадаад болон дотоод орчинд ноцтой үр дагавар үүсгэж болзошгүй” гэж тэр тайлбарлажээ.
 
Эх сурвалж: CNN.com