ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

@externalfactor


Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

22 Oct, 14:25


Молдовчууд маш цөөхөн саналын зөрүүгээр Европын Холбоонд элсэхийг дэмжжээ

Ням гарагт Молдова улсын иргэд шинэ ерөнхийлөгчөө сонгосноос гадна үндсэн хуулиа өөрчилж, улс орноо Европын Холбоонд нэгтгэх эсэх асуудлаар саналаа өгсөн юм. Урьдчилсан дүнгээр сонгогчдын олонх нь Европын гэр бүлд нэгдэхийг эсэргүүцсэн байж болзошгүй гэх мэдээлэл ням гарагийн орой тарж байв. Тэгвэл саналын хуудсыг бүрэн тоолсны дараах байдлаар Европын Холбоонд элсэхийг дэмжсэн санал маш бага хувийн зөрүүгээр давамгайлжээ. Тухайлбал нийт саналын 99.6 хувийг тоолоход "Тийм" санал 50.46 хувь, "Үгүй" санал 49.54 хувийг эзэлсэн байна. Гэхдээ 3 сая орчим хүн амтай Молдова улсыг Европын холбоонд элсүүлэхийг сонгогчдын хангалттай олонх дэмжинэ гэж найдаж байсан эрх баригчдын хувьд дээрх үр дүн цочирдож, гайхмаар үзүүлэлт болжээ. Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду "маш хэцүү" тэмцлийн үр дүнд Европын талыг баримтлагчид энэ санал хураалтад ялалт байгуулсныг зарласан байна. Тэр бас сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авах кампанит ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, ардчилалд аюул учруулсан Молдовын "дайснууд"-ыг буруутгажээ. Санду хэдийгээр тодорхой нэг нэр зааж хэлээгүй ч сүүлийн сар хүрэхгүй хугацааны дотор Молдовын эрх баригчид Москвагаас санхүүжилттэй санал худалдаж авах нууц ажиллагааг илрүүлж байв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа сонгуулийн үр дүнд гадаадаас нөлөөлснийг батлах тодорхой баримт ил гаргаж тавихыг Сандуд уриалсан байна. Даваа гарагт Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Питер Стано мэдэгдэлдээ Молдовын бүх нийтийн санал хураалт "Орос болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн урьд өмнө байгаагүй хөндлөнгийн оролцоо, дарамт сүрдүүлэг дор болж өнгөрсөн" тухай хэлжээ. Өнгөрсөн сард ОХУ-д амьдарч буй Молдовын оргодол бизнесмэн, улс төрч Илан Шор сонгогчдоор Европын Холбоонд элсэхийн эсрэг санал өгүүлэхийн тулд мөнгө төлөхөө мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт цацсан видео мэдэгдэлдээ тэр одоогийн ерөнхийлөгч Майя Сандугаас өөр аль нэг нэр дэвшигчид саналаа өгөхийг Молдовын иргэдэд уриалж байжээ. Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд Майя Санду хамгийн олон буюу 41 хувийн санал авсан байна.

Түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Оросын талыг баримтлагч Социалистуудын Намын нэр дэвшигч Александр Стояногло 26 хувиар удаалжээ. Түүнийг төсөөлж байснаас олон санал авсан гэж ажиглагчид үзэж байна. Одоо Санду болон Стояногло нар арваннэгдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөх юм. Эхний шатнаас хасагдсан популист улс төрч Ренато Усатый, автономит муж Гагаузын захирагч асан Ирина Влах нарын дэмжигчид Стояноглог дэмжих магадлалтай тул Сандугийн хувьд хоёр дахь шатны санал хураалт маш хүнд сорилт болох төлөвтэй байна. Гадаад орны төлөөний этгээдүүд болон тэдэнтэй хамтрагч гэмт хэрэгтнүүд 300,000 орчим санал худалдаж авсныг батлах хангалттай баримт засгийн газарт байгааг Санду өмнө нь мэдэгдэж байв Молдова улс одоо Европын Холбоонд гишүүнээр элсэх яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд ням гарагийн санал хураалтын үр дүнгээс үл хамааран цааш үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: ВВС.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

22 Oct, 01:29


Толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразилын ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ

Бямба гарагт гэртээ байхдаа толгойгоо гэмтээсэн шалтгаанаар Бразил улсын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва энэ долоо хоногт ОХУ-д хийх байсан айлчлалаа цуцалжээ. 78 настай тэрбээр ням гарагийн орой БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд оролцохоор Оросыг зорих байсан юм.Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн холбоо болох БРИКС-ийг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан тул эдгээр орнуудын нэрийн эхний үсгүүдийг нийлүүлж бутээсэн зохиомол үгээр нэрлэсэн байна.Нийслэл Бразилиа хотын төв эмнэлгийн эмч нар ерөнхийлөгчдөө хэсэг хугацаанд алсын зайн нислэгээр зорчихгүй байхыг зөвлөсөн .Лула дээрх чуулганд видео холбоогоор оролцохоос гадна бусад өдөр тутмын ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Толгойнхоо арын хэсэгт гэмтсэн ерөнхийлөгч бямба гарагт таван оёдол тавиулсныхаа дараа гэртээ харьсныг Бразилын хэвлэлүүд эмнэлгийн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба гэмтлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хэрвээ Лула төлөвлөгөөний дагуу айлчилсан бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ он гарснаас хойш анх удаа биечлэн уулзах байв.

Ирэх сард Бразил улсад Их 20-ийн бүлгийн дээд чуулган зохион байгуулагдах юм. Путин уг арга химжээнд оролцохгүйгээ баасан гарагт мэдэгдэж байв.Тэрбээр уг шийдвэрээ өөрийг нь баривчлах Олон Улсын Эрүүгийн Шүүхийн тогтоолоос болоогүй, харин зохион байгуулагч орныг хүндрүүлж, үйл ажиллагааг тасалдуулахаас болгоомжилсон учир шалтгаантайг тайлбарлажээ. Өнгөрсөн онд Путин дээрх шүүхийн тогтоолын улмаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд биеэр оролцож чадаагүй юм. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орныхоо хувьд Өмнөд Африк, Бразил улсууд Путинийг баривчлах үүрэгтэй. БРИКС-ийн энэ оны дээд чуулган мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд Казань хотод зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: ВВС.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

20 Oct, 00:16


Гол цахилгаан станц нь гэмтлийн улмаас зогссоны дараа Куба улсыг бүхэлд нь "харанхуй" нөмөрчээ

Өчигдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн үед Куба улсын гол цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас орон даяар эрчим хүчний хангамж тасарчээ. Хангамж хэзээ буцаж сэргэхийг хэлж мэдэхгүй байгаагаа эрчим хүчний албаны эх сурвалж мэдээлсэн байна. Энэхүү тасалдлын өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Кубын ерөнхий сайд улс орон даяар "эрчим хүчний онц байдал" зарлаж байв. Баасан гарагт Куба улсын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч болох Матанзас дахь Антонио Гитерасын станц гэмтлийн улмаас зогссон юм. Тус улсын ерөнхийлөгч Мигэль Диаз-Канел Бермудез гэмтлийг засварлах нь түүний тэргүүн зорилт болоод байгааг мэдэгджээ. "Хангамжийг сэргээх хүртэл амралтгүй ажиллах болно" гэж тэр Х хуудсандаа бичсэн байна. Өчигдөр өглөө тус улсын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор бүх сургуулиуд болон онц шаардлагагүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Даваа гарагт хүртэл хааж байгааг зарлаж байжээ. Бас хөргөгч, богино долгионы зуух зэрэг эрчим хүчний өндөр хэрэглээтэй цахилгаан тоног төхөөрөмжүүдийг оргил цагаар ашиглахгүй байхыг иргэдэд анхааруулсан юм. Пүрэв гарагийн орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлэхдээ Кубын ерөнхий сайд Мануэл Марреро хуучирч муудсан дэд бүтэц, түлш шатахууны хомсдол эрчим хүчний доголдлын гол шалтгаан болж буйг тайлбарлаж байв. BAGK 40 Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн Кубын эрчим хүчний хямрал өчигдөр туйлдаа хүрсэн гэж үзэж болохоор байна. 2021 оны долдугаар сард олон өдөр дараалан үргэлжилсэн цахилгааны тасалдлыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн гудамжинд жагсаж байв. Хөргөгч, хөлдөөгчид нөөцөлсөн хоол хүнс нь муудаж, зуны халуунд сэнс, сэрүүцүүлэгчгүй болсон иргэдийн бухимдал ингэж илэрч байжээ. Цахилгаангүй болсны улмаас орон сууцнууд усгүй болж, автомашинууд бензин шатахуунгүй болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. Коммунист дэглэмтэй Куба улсад эрх баригчдыг шүүмжлэх, эсэргүүцэл илэрхийлэх нь ховор үзэгдэлд тооцогддог. Гэвч эрчим хүчний гүнзгий хямрал тус улсын иргэдийн тэвчээрийг барж болзошгүй болоод байна.
Эх сурвалж: ВBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

18 Oct, 09:47


Израил: Хамасын дээд удирдагч үхсэн ч дайн үргэлжилнэ
Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Яхья Синвар Газын зурваст амиа алдсан болохыг Израилын талаас баталжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Израил руу хийсэн халдлагын гол зохион байгуулагч гэгддэг тэрээр өнгөрсөн хугацаанд нуугдаж байсан юм.  
Израилын арми лхагва гаргийн цэргийн ажиллагааны үеэр Газын зурвасын өмнөд хэсэгт Синвар амиа алдсан гэжээ. Пүрэв гарагт Израилын талаас Синварыг амиа алдсан эсэхийг тодруулж байна хэмээн мэдээлсэн. 
Мэдэгдэл гаргаад удалгүй тархиндаа хүнд гэмтэл авсан, Синвартай төстэй эрэгтэйн цогцсыг олсноо баталгаажуулж, зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. 
Уг бүлэглэлийн дээд удирдагчийг хорооно гэдэг Израилын хувьд зорьж байсан том зорилгуудынх нь нэг юм.
Синвар амиа алдсаныг мэдэгдсэнийг дараа барууны удирдагчид дайныг дуусгах боломжтой гэсэн ч Израилын Ерөнхий сайд "дайн үргэлжилнэ" хэмээн мэдэгдээд байна. 
Одоогоор Хамасын талаас удирдагчийнхаа үхлийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 
Эх сурвалж: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

17 Oct, 03:53


Умард Солонгос Өмнөдтэй холбогдох авто замыг дэлбэлжээ
Умард Солонгос улс мягмар гарагт хоёр Солонгосын хил орчмын авто болон төмөр замын зарим хэсгийг дэлбэлжээ. Үүний хариуд Өмнөдийн талаас “анхааруулах гал нээсэн” болохыг тус улсын армиас мэдээлсэн байна. 
Мягмар гаргийн өдөр Өмнөдтэй холбогдох авто болон төмөр замын хойд хэсгийг дэлбэлж эхэлсэн аж.
Сөүл хот дахь Нэгдлийн яамнаас уг үйлдлийг хоёр Солонгос хоорондын өмнөх хэлэлцээрийг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруутгав. 
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгдсэн юм.
Үүнийг Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авч буй хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан. 
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ 28 мянга орчим цэргээ Өмнөд Солонгост байрлуулж буй. Эх сурвалж: Reuters.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

16 Oct, 00:06


Дональд Трампын ойролцоогоос хоёр буутай, хуурамч паспорттой хүнийг баривчилжээ
Калифорнид Дональд Трампын уулзалт болсон газрын ойролцоо сэжиг бүхий нэгэн эрийг баривчилжээ. Тэрбээр баривчлагдах үедээ хууль бусаар эзэмшсэн хоёр гар буутай, хуурамч паспорттой байсан хэмээн АНУ-ын цагдаагийн газар мэдэгдлээ.
Сэжигтэн 49 настай Вем Миллер хар жийп машин жолоодож яваад Коачелла хотод болсон жагсаалын үеэр саатуулагджээ.
Алба хаагчид түүний автомашин болон биеэс ангийн болон цэнэглэсэн гар буу олжээ.
Риверсайд тойргийн шериф Чад Бианко болон түүний офицерууд Трампыг алах гэсэн гурав дахь удаагийн оролдлогоос сэргийлсэн гэдэгт итгэлтэй байна гэжээ.
АНУ-ын нууц алба Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп ямар ч аюулд өртөөгүй гэж мэдэгдээд, энэ явдал хамгаалалтын ажиллагаанд нөлөөлөөгүй гэжээ.
Эх сурвалж: CNN.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

14 Oct, 01:22


Чарльз хаан: Бүгд Найрамдах Улс болох эсэх нь Австралийн ард түмний шийдэх асуудал
Австрали улс үндсэн хуульт хаант засаглалаас бүгд найрамдах улсын засаглалд шилжих эсэх асуудлыг тус улсын ард түмэн шийдэх ёстойг Их Британийн хаан Чарльз мэдэгджээ.
Тэрбээр ирэх долоо хоногт хатан Камиллагийн хамт Австрали улсад айлчлах гэж байгаа юм.
Энэ айлчлалын үеэр Австралийн ирээдүйн засаглалын хэлбэр ямар байх асуудал сөхөгдөх нь гарцаагүй болоод байна.
Тухайлбал Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний төлөөлөгчид айлчлалын үеэр хаантай уулзах хүсэлтээ Букингэмийн ордонд ирүүлж байжээ.Букингэмийн ордон уг хүсэлтэд хаан Чарльзын нэрийн өмнөөс хариу өгснөө өчигдөр нийтэд ил болгосон юм байна.
1999 онд Австралид засаглалын хэлбэрээ солих эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахад иргэдийн олонх нь үндсэн хуульт хаант засаглалаа хэвээр хадгалах хувилбарыг сонгож байжээ.
Энэ оны эхээр Австралийн засгийн газар дахин ийм санал хураалт зохион байгуулах төлөвлөгөө ойрын үед байхгүйг мэдэгдэж байв.
Гэвч бүгд найрамдахчууд Австралийн төрийн тэргүүн нь Их Британийн хаан биш, өөрсдийнх нь сонгосон хүн байх ёстой гэж үздэг.
Чарльз хааны айлчлалын тов гарсны дараа Австралийн Бүгд Найрамдах Хөдөлгөөний тэргүүн Айсаак Жефри “Манай улсын түүхэнд өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн хааны үүргийг бид хүндэлдэг ч австраличууд өөрийн төрийн тэргүүнийг сонгодог болох цаг нь ирсэн гэж бодож байна. Австралийн төлөө бүтэн цагаар ажилладаг хэн нэгэн байх хэрэгтэй” гэж ярьжээ.
Ингэхдээ Австрали улс засаглалаа сольсон ч Британийн Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Холбоонд хэвээр үлдэх боломжтойг тэр тайлбарлаж байв.
Энэ оны эхээр хорт хавдартай болсон нь оношлогдож, эмчилгээ эхлүүлснээсээ хойш Чарльз хаан хамгийн алс хол аялах гэж байна.
Өнгөрсөн хугацаанд тэр ганцхан удаа гадаадад зорчсон нь D-Day (дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнууд оролцож эхэлсэн) түүхэн үйл явдлын ойн арга хэмжээнд оролцохоор Франц улсад хийсэн айлчлал байлаа.
Австралид айлчилсныхдаа дараа хаантан Самоа улсад зохион байгуулагдах Хамтын Нөхөрлөлийн Орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцох юм.
 
Эх сурвалж: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

13 Oct, 12:18


Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсэд Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр боллоо
2024 оны энх тайвны Нобелийн шагналыг Японы атомын бөмбөгийн гамшгаас амьд үлдэгсдийн холбоо Нихон Хиданкё хүртэхээр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр орой зарлалаа.
1945 онд Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэрэхэд амьд үлдсэн хүмүүсийг хибакуша гэж нэрлэдэг.
Дэлхий нийтэд цөмийн дайны гай гамшгийг ойлгуулах үйлсэд тэдний гаргасан хүчин чармайлтыг үнэлснээ Норвегийн Нобелийн Шагналын Хороо тайлбарлажээ.Нихон Хиданкё холбоо атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдэгсдийн үзсэн зовлонг дэлхий нийтэд таниулах зорилгоор 1956 онд байгуулагдсан юм.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоц ураны бөмбөгийг Хирошима хотод хаясны улмаас 140,000 орчим хүн амь үрэгдэж байв.
Үүнээс гурав хоногийн дараа хоёр дахь бөмбөгийг Нагасаки хотод хаясан юм. Дараа нь Хирохито эзэн хаан Япон улс бууж өгснийг зарласнаар Дэлхийн Хоёрдугаар дайн өндөрлөж байв.
Тус байгууллагын тэргүүлэгчдийн нэг Тошиюки Мимаки “Ийм зүйл болно гэж зүүдэлсэнгүй явлаа” хэмээн шагналын мэдээг сонссоныхоо дараа нүдэндээ нулимстай хэлжээ.
“Цөмийн зэвсгийн ачаар дэлхийд энх тайван тогтдог гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ цөмийн зэвсгийг зөвхөн алуурчид ашиглах боломжтой” гэж тэр энэ үеэр шүүмжлэн ярьсан байна.
Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрэхэд Мимаки дөнгөж гурван настай байжээ.
Шагналын диплом, алтан медаль, $1 саяыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Норвегийн нийслэл Осло хотод гардуулна.
Нихон Хиданкё өмнө нь олон удаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан юм.
Шийдвэр нь үргэлж маргаан дагуулдаг байсан энх тайвны Нобелийн шагналын хороо энэ удаа хамгийн эргэлзээгүй сонголт хийсэн гэж ажиглагчид үзэж байна.
Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид цөмийн зэвсэг хэрэглэх талаар олон удаа ярьж байгаа.
Ойрх Дорнодод мөргөлдөөн хурцдаж, Израил улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөх тухай санаа ид яригдаж байна.
Энэ оны энх тайвны Нобелийн шагналд 197 хувь хүн, 89 байгууллагаас бүрдсэн нийт 286 нэр дэвшигч өрсөлджээ.
2023 онд энэ шагналыг Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади хүртэж байв.
Мохаммади одоо Тегераны Эвин шоронд 12 дахь жилдээ хоригдож байгаа юм.
 
Эх сурвалж: BBC.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

11 Oct, 23:35


АНУ-ын United Airlines компани Улаанбаатарын нислэгийн шинэ чиглэл нээхээр болсноо зарлалаа
Чикаго хотод төвтэй Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United Airlines компани Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг нээх болсноо өчигдөр зарлажээ.
Тус компани 2025 оны тавдугаар сараас олон улсын найман шинэ чиглэлийг нээхээр болсны нэг нь Улаанбаатар юм байна.
2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн Boeing 737-800 агаарын хөлөг Японы нийслэл Токиогоос Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ.Өчигдөр зарласан бусад долоон шинэ чиглэл нь АНУ-ын Ньюарк хотоос Испанийн Билбао, Португалийн Фаро, Португалийн Мадейра, Гринландын Нүүк, Италийн Палермо хотууд руу, Японы нийслэл Токиогоос Тайванийн Каошюн, АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Сенегалын нийслэл Дакар хот руу үйлдэгдэх юм байна.
Дээрх найман шинэ чиглэлийн долоод нь Америкийн агаарын тээврийн компаниуд огт нислэг үйлддэггүй ба ганцхан Дакар хотын чиглэлд Delta Air Lines компани Нью-Йорк хотоос нислэг үйлддэг ажээ.
Найман шинэ чиглэлийн Каошюн, Дакарын нислэгүүд бүтэн жилийн турш, бусад зургаан нислэг нь улирлын чанартай үйлдэгдэх юм байна.Эх сурвалж: UnitedAirlines.com

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

10 Oct, 12:45


Умард Солонгос газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах арга хэмжээ авснаа зарлавУмард Солонгосын арми газар нутгаа Өмнөд Солонгосоос бүрэн тусгаарлах “томоохон алхам” хийснээ өчигдөр зарлажээ.
Өөрөөр хэлбэл хоёр улсыг холбодог бүх авто болон төмөр замуудыг бүрэн хааж, хуурай газраар зорчих ямар ч аргагүй болгох арга хэмжээ авсан юм байна.
Энэ оны эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олон жил баримталж ирсэн хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх бодлогоо цуцалж байгааг зарласан юм. Бас Өмнөд Солонгосыг өөрийн улсын “гол дайсан” болсныг зарлаж байв.Үүний дараа Умард Солонгосын зэвсэгт хүчин Өмнөд Солонгостой залгадаг хилийнхээ харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх, бэхлэлт нуувч байгуулах, минажуулах, замуудад саад хаалт босгох зэрэг ажлуудыг эхлүүлж байжээ.
Өчигдрийн мэдэгдэл нь энэ ажил дууссаныг илтгэж буй бололтой.
Умард Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб дээрх арга хэмжээгээ Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авсан хариу арга хэмжээ гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ.
“Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдал нь БНАСАУ-ын зэвсэгт хүчнээс үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд илүү шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб хариу мэдэгдэлдээ уг арга хэмжээг “Ким Жон Уны дэглэмийн эмзэг, сул дорой байдлаас үүдэлтэй” гэж шүүмжилжээ.
Мөн ингэснээр тус улс өөрийгөө улам тусгаарлаж, ганцаардуулж буйг анхааруулсан байна.
Сөүл дэх Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин үүнийг Пёняны дэглэм нэгэнт хэрэгжүүлж дууссан ажлаа албан ёсоор баталгаажуулж буй үйлдэл гэж дүгнэжээ.
Мөн цаашдаа үндсэн хуулиа шинэчлэх ажлын бэлтгэл байж болзошгүй гэж үзэж байна.
“Хэрвээ Умард Солонгос үндсэн хуулиа шинэчлэх замаар нутаг дэвсгэртэй холбоотой шинэ заалт нэмж, Өмнөд Солонгостой харилцаагаа бүрэн тасалбал энэ нь тус улсын гадаад болон дотоод орчинд ноцтой үр дагавар үүсгэж болзошгүй” гэж тэр тайлбарлажээ.
 
Эх сурвалж: CNN.com